Sárosdi Davaakhuu Ganbold
Sárosdi Davaakhuu Ganbold. Museum of Fine Arts Budapest 2021










Mongolian Art

Шаарошди Д. Ганболд

2023 оны уранзохиолын Нобелийн шагналт Юон Фоссэгийн тухай товчхон өгүүлэхүйд


Энэ жилийн уранзохиолын Нобелийн шагналтан Юон Фоссэ (норвэг дуудлага нь: Юүн) Норвэг улсын гурав дахь уранзохиолын Нобелийн шагналт зохиолч гэж түүхэнд бичигдэх болсон мэдээг Норвэгийн Соёл, Адил Тэнцүү Байдлын Яамны сайд нь сонсоод 95 жилийн дараа бид дахиад Нобелийн шагнал авлаа, түүгээр маш их бахархаж байна гэлээ. Ингэж хэлэхийн учир нь 1928 онд Норвэгийн зохиолч эмэгтэй Сигрид Үнсэт (Sigrid Undset) маш залуудаа 46-хан насандаа Нобелийн шагнал хүртсэнтэй холбоотой юм, харин анхны уранзохиолын энэ шагналыг 1920 онд Кнүт Хамсүн (Knut Hamsun) гэдэг зохиолч „Адисалсан эх нутаг” нэртэй романаараа авсан түүхтэй ажгуу. Ю. Фоссэгийн нэр 2013 оноос хойш жил бүр авах магадлалтай нэр дэвшигчдийн дунд байсан бөгөөд ийм үед тэрээр хотоос хол гарч нэг жижигхэн газарт очдог ба тэндээс нь дуудаж ирүүлнэ гэдэг бол бүтэхгүй асуудлын нэг гэнэм. Энэ жил ч мөн тэрхүү алс газартаа очсон байхад нь шагналын эзэн болсон мэдээ хүрч, хэвлэл мэдээллийнхэн түүнээс ганц минутын төдий ярилцлага авсан юмсанж.

Юон Фоссэгийн зохиолыг унших бол тийм амар биш, „хэцүү уншлага”-д тооцогддог, энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Норвэгт ч тийм олон хүн уншдаггүй, яагаад гэвэл Фоссэ нинорск (nynorsk) аялгуугаар зохиолоо бичдэг нэгэн бөгөөд 5,5 сая хүн амтай Норвэг улсад хоёр албан ёсны норвэг хэл nynorsk, bokmĺl (бүкмол) гэж байдгийн багацаалбал бүх хүн амын 12% нь ярьдаг, гол төлөв Баруун-Норвэгт хэрэглэдэг хувилбараар зохиолоо тууривдаг бичгийн хүмүүн амой. Энэ хоёр хэл буюу нутгийн аялгууг сургуулиудад бүрэн заадаг  байна, тэгэхээр хүн бүгд мэддэг гэсэн үг, нинорск гэдгийг үгчлэн буулгавал шинэ норвэг гэсэн утгатай, нөгөө бүкмол нь болохоор номын хэл буюу бичгийн хэл гэсэн утгатай ажээ. Нөгөө талаар Фоссэгийн бичгийн хэв маягийн (style) онцлог нь хүчтэй давталт (repetition) их, хэл тогтоц бүхий үгийн ид шидээр илэрхийлдэгт оршино. Асуудлын бас нэг сонирхолтой тал гэвэл хүн амын дийлэнх хэсэг ярьдаг бүкмол аялгуу Дани хэлтэй их адилхан, нөгөө ниношк (nynorsk аялгуугаараа ийн дуудагддаг) аялгуу нь болохоор Швэд хэлтэй адилхан байдал нь Швэдийн Академи Юон Фоссэг ойлгож, танин мэдэх асуудлыг хөнгөн болгосон байх талтай. Ер нь бол Норвэгүүд олон жилийн өмнөөс Фоссэгээр бахархаж ирсэн бөгөөд дэлхийд хамгийн их жүжиг нь тоглогдсон норвэгийн жүжгийн зохиолч Ибсэний дараа Фоссэ ордог учраас тэр юм. 1997 онд Унгар улсын Дунаүйваарош (Dunaújváros) гэдэг жижигхэн үйлдвэрийн хотод жүжгийг нь тоглоход 38 настай Фоссэ ирж оролцсон сонин түүх бий, Фоссэгийн жүжгийг гадаадад хамгийн анх удаа Швэд улс өөрийн тайзнаа энэ онд найруулж тоглуулсан нь унгар улсаас хоёрхон сараар түрүүлсэн байдаг, тэгэхээр унгар бол Фоссэгийн жүжгийг тоглуулсан хоёр дахь гадаад орон буюу. Тэр үед түүнтэй уулзан шар айрагны газарт суун ярьж хөөрч байсан унгарын нэг зохиолч, уранзохиолын түүхч, хэвлэлийн газрын ерөнхий эрхлэгчийг сайн таньдгийн хувьд түүн рүү залган тэр уулзалтаас ямар сэтгэгдэл үлдсэн тухай лавлан асуухуйд, тэрээр хэлэхдээ: „Фоссэ улс орныхоо нийгэм, соёл, уранзохиолын бодлого зэрэгт оролцож, үзэл бодол, саналаа хэлээд байдаггүй хүн байсан, одоо ч яг тэр хэвээрээ норвэг улсын сэхээтнүүдийн дээд элит хэсгийн дотроос олны өмнө гарах хамгийн дургүй зохиолчийн нэг” гэв. Ю. Фоссэгийн жүжгийн зохиолоос хамгийн анх Коваач Катаанг Фэрэнц (Kovács Katáng Ferenc) гэдэг Норвэгт амьдардаг унгар зохиолч, яруунайрагч, дуун хөрвүүлэгч 1995 онд Хэн нэгэн хүн ирнэ гэдэг жүжгийг унгар хэлээр хөрвүүлж уншигчидад хүргэснээс хойш 1997 онд мөн энэ хүн Хүүхэд нэртэй жүжгийг нь орчуулсан байдаг, 2007 онд жүжгийн зохиолууд нь хэвлэгдэн гарсны дараа 2008 онд Нойргүйдэл гэдэг романыг нь дээр дурдсан танилын маань хэвлэлийн газар Каллиграм А. Добош Ээва (A. Dobos Éva) гэдэг мөн Норвэг улсад 1980-н оноос хойш амьдарч буй дуун хөрвүүлэгчийн хөрвүүлснээр хэвлэн нийтэлснээс хойш 2010 онд Өглөө ба орой роман, 2012 онд Меланхолия, 2015 онд Трилогия: Нойргүйдэл; Олавын зүүд; Үдшийн дуу, 2019 онд Нөгөө нэр нь [Септология I.] (шагнал авсан мэдээ гарсны дараахан дахин хэвлэгдсэн, энэ трилогия бол 1300 гаруй хуудас том бүтээл) зэрэг зохиолууд нь унгар хэлээр хэвлэгдээд буй. Эдгээр зохиолуудыг норвэг хэлнээс А. Добош Ээва хөрвүүлж уншигчдын хүртээл болгосноос гадна Ю. Фоссэгийн зохиолуудаас хэвлэхийг Каллиграм хэвлэлийн газарт санал болгосон дуун хөрвүүлэгч юмаа. Үүнийг тэрлэгч би бээр Мажаарын Дуун Хөрвүүлэгчдийн Холбооны гишүүн бөгөөд Ээва ч мөн энэ холбооны нэг идэвхтэй гишүүн нь буюу, гишүүд бидний хоорондоо харилцах цахим шуудангийн нэгдсэн холболтоор зохиолчоос дутахааргүй талархалын үг, баяр хүргэсэн цахим захидлууд дуун хөрвүүлэгч Ээвад нэг хэсэг хөврөв. Харин Каллиграм хэвлэлийн газраас хэвлэсэн номуудыг өдий хүртэл их цөөхөн хүн уншсан гэнэ, Нобелийн шагналын дараа байдал өөр болох байх хэмээн хэвлэлийнхэн ярьж байна. Ер нь Фоссэгийн зохиолын өнгө аясыг Т. Бэрнхардтай (Thomas Bernhard) адилтгаж үздэг боловч Фоссэгийн залуу үеийн зохиолуудад нь Ибсэн, Бэкэтт (Beckett), Бэрнхард нарын нөлөө их хүчтэй ажиглагдах ба хожуу үеийн бүтээлүүд нь тэднийг дагагч биш, харин тэд нартай илүү polemical (мэтгэлцэл) маягийн харьцаатай болсон нь мэдрэгдмүй. Сүүлийн бүтээлүүд нь германы mysticism (ид шид, агийн ёс, далд зан үйл), Экхарт мастер (Meister Eckhart), Хайдэггэрийн (Heidegger) нөлөө илүү туссан байдал ажиглагдана. 2011 оноос Осло дахь Хааны Ордоны цэцэрлэгт хүрээлэнд байх Grotten „Агуй” гэдэг шилтгээнд амьдрах болсон бөгөөд тус харшад үндэстэний хамгийн сод хүндэт эрхмүүд л оршин суух эрхтэй юм, Юон Фоссэ энд насаараа амьдрах эрхээ 2011 онд авчээ. Юон Фоссэгийн бичвэрээс (эх бичиг-text) хөгжимлөг хөг аяыг мэдрэх нь чухал хэмээн дуун хөрвүүлэгч А. Добош Ээва хэлдэг ба тэрээр Фоссэгийн таслалын тэмдэгийн өвөрмөц хэрэглээний нууцыг нээх асуудалтай тулгарч байлаа гээд энэ тухайгаа: „энэ норвэг зохиолчийн бүтээлүүдийн онцлог шинж нь маш хямагч, илүү үггүй үгэнд их харамч, монотон нэг янз, минималист бичвэр, Фоссэгийн бичлэгийн хэв маягийн нэг андашгүй онцлог гэвэл таслалын тэмдэгийг өөрийн гэсэн өвөрмөц байдлаар хэрэглэдэгт орших ба тэр нь эх бичгийнх нь эгшиглэнт аяыг бий болгох төдийгүй хэмнэл айзам, хурд болоод зогсолт, авианы хүч ба өргөлтийг илэрхийлдэг учиртай, хэлзүйн дүрмээс тэс гажуу, байх ёсгүй газарт заримдаа бүр үг болгоны ард таслал хэрэглэсэн учрыг нь олохгүй гайхшираад, зохиолчтой уулзаж асуухад; Фоссэгийн өгсөн зөвлөгөө нь: хэлзүйн дүрмийг бүү анхаар, зүй тогтолыг бүү хай, харин романд байгаа эгшиглэнт айзмыг л мэдрэх нь чухал, хөгжмийн зохиолыг мэдрэхтэй адил, тэгэхийн тулд хаана дууны өнгөний crescendo (өсөлт), хаана decrescendo (багасалт) байгааг маш сайн анхаарах хэрэгтэй гэжээ. Зохиолд драмын өрнөл ихсээд ямар нэг юм болохоор бол учиргүй олон таслал тавиад, багасалт буюу аяаа намсгахыг хүсвэл огт таслал хэрэглэдэггүйг нь дуун хөрвүүлэгч мэдэрч хөрвүүлэх ёстойгоос гадна, зохиолч Ээвад сонсголоо сайн ашигла, чихний үүрэг маш их учраас толины өмнө „бичвэрийг” чангаар уншвал таслалыг хаана тавих нь өөрөө ойлгогдоно гэж зөвлөж байжээ. Ийм энгийн бөгөөд онцгой сайн хариулт авснаасаа хойш энэ асуудлыг их сайн шийдвэрлэж чадсан гээд Фоссэгийн романуудад энэ асуудал үргэлж байдгийг онцолсон байдаг.” Зочид бараг хүлээж авдаггүй, сэтгүүлчдийн асуултад зөвхөн и-мэйлээр хариулдаг Ю. Фоссэг биечлэн таньдаг Ээва дээр дурдсан Grotten шилтгээнд айлчилж, 2013 онд түүнтэй ярилцлага хийсэн тэрээр: Фоссэ жүжгийнхээ үзүүлэх тоглолтын нээлтэд хүрэлцэн ирэхийг урьсан Париж, Нью-Йоркийн урилгад хэзээ ч очиж байгаагүйгээр барахгүй хажууханд нь байгаа Ослогийн театр урьсан ч очдоггүйг нь онцолж байна. Тэр үед Фоссэ Ээвад өмнө авсан шагналуудаа үзүүлж, англи этикэтт ёсоор бол эдгээрийг бие засах газарт өлгөвөл зүгээр, хүндтэй газар зочдын өрөө, үүдний хонгил зэрэгт байрлуулах нь бардамнал болох юм хэмээн өгүүлж байжээ, би бол бүх шагнал, урамшуулалд баярладаг хүн, гэхдээ ганцхан шагнал гардуулах баяр ёслол бүү болоосой гэж хүсдэг, ийм юм болбол аль болохоор зугтахыг л боддог гэжээ. Шагнал гардуулах ёслол арван хоёрдугаар сард Стокхольмд болно, Фоссэгийн хувьд хүлээх л үлдэж дээ. Норвэг зохиолч амьдралаа одоогоор оршин суудаг гурван газрынхаа хооронд ирж очин өнгөрүүлдэг аж, Осло, Бэргэн, австрийн Хайнбүргийн (Hainburg) хооронд сэлгэн амьдардаг бөгөөд сүүлийн хот нь Братиславаас холгүй орших австрийн хилийн жижигхэн хот ба тэнд словак эхнэр нь хүүхдийн хамт амьдардаг юм байна.

Юон Фоссэгийн гучин гурван тайзны бүтээлийг дэлхийн 40 гаруй хэлээр хөрвүүлснээс гадна тэдгээрийн тоглолтын нээлт мянгыг хол давсан ажээ. Зохиолч өөрөө гадаадад хэвлэгдсэн номуудынхаа дийлэнхийг цуглуулан номын тавиуртаа хадгалдаг гэнэм, гэхдээ түүний тооцоогоор бол нэлээд хэдэн ном дутуу хараахан олж аваагүй байгаагаа зохиолыг нь унгар хэл рүү анх хөрвүүлсэн Коваач Катаанг Фэрэнцтэй (Kovács Katáng Ferenc) ярилцахдаа дурдсанаас гадна энэ олон хэлний дуун хөрвүүлэгч нартай ямар холбоотой байдаг талаараа өгүүлэхдээ: нэлээд олон дуун хөрвүүлэгчтэй тодорхой хэмжээнд харилцаатай байдгаас олон арван жилийн хугацаанд хамгийн нягт холбоотой болсон нь германы дуун хөрвүүлэгч Хинрих Шмидт-Хэнкэл (Hinrich Schmidt-Henkel), мөн 1969 оноос хойш франц улсад амьдарч буй норвэг Торие Синдинтэй (Terje Sinding) олон жил хамтран ажиллаж байна, франц хэлээр хэвлэгдсэн бүх бүтээл бол түүний гавьяа гээд бас хоёр англи дуун хөрвүүлэгчийнхээ нэрийг дуртайяа дурдмаар байна: Мэй-Брит Акэрхолт (May-Brit Akerholt) бол жүжгийн зохиолын маань ихэнхийг хөрвүүлсэн бол миний үргэлжилсэн үгийн зохиолуудыг Дэмиөн Сөрлс (Damion Searls) англи хэлээр хөрвүүлдэг гэжээ. Ю. Фоссэ бол маш олон төрлөөр бичиж тууривдаг зохиолч жүжиг, яруунайраг, том роман, үлгэрийн ном, эссэ гэх мэтээс гадна дуун хөрвүүлэг бас их хийдэг бөгөөд энэ нь голдуу жүжгийн зохиол гэнэ. Фоссэ мөн зураг зурахаас гадна гитар, хийл хөгжим тоглодог нэгэн, бичихдээ илүү дуртай байсан тэр нь нэг ёсондоо би өөртөө нэг тийм амар тайван байх газраа олчихсон юм шиг санагддаг байлаа, тийм учраас өмнөх хоёр мэргэжлийг үргэлжлүүлээгүй гэдгээ 2014 онд арвандолоон жилийн дараа 55 настайдаа Унгар улсад дахиж ирэхдээ жүжгийн зохиолыг нь норвэг хэлнээс хөрвүүлсэн харьцангуй залуу дуун хөрвүүлэгч, скандинав уранзохиолын түүхч, судлаач Домша Жоофиатай (Domsa Zsófia) хийсэн ярилцлагадаа хэлсэн байх юм. 2014 оны хавар Унгарын Үндэстний Театрын урилгаар Мадаачийн Олон Улсын Театрын Уулзалт буюу товчилсон нэрээрээ MITEM (Madách International Theatre Meeting) гэдэг олон орны театр оролцдог фествальд Юон Фоссэ ирж оролцсон бөгөөд түүний Нэг зуны өдөр (A Summer Day) гэдэг жүжгийг Казанийн Галиаскар Камалын нэрэмжит Татар улсын Академик театрынхан Фарид Бикчантаевын найруулгаар Будапэштийн Үндэстний Театрт тоглосон түүхтэй. Жоофиатай хийсэн дээрх ярилцлагадаа 12 наснаасаа богино өгүүлэл, шүлэг бичиж эхэлсэн гэдгээ хэлээд намайг Ибсэнтэй адилтгаж үзээд байдаг бол үнэнд нийцэхгүй ба Ибсэний хувьд ч миний хувьд ч энэ бол хүндэтгэлгүй асуудал, өнөөгийн нэг зохиолчийг Шекспиртэй адилтгасантай ялгаагүй зүйл, Шекспирийн дараа Чеховын дэргэд Ибсэний жүжгүүд дэлхийд хамгийн их тоглогдсон шүү дээ. Миний жүжгийн зохиолыг хөрвүүлсэн хүмүүсийн дийлэнх хэсэг өмнө нь Ибсэнийг хөрвүүлсэн байдаг, жүжгүүдийг минь гадаадад тоглож эхлэхэд л энэ Ибсэнтэй харьцуулах асуудал гарч эхэлсэн юмдаг, үүнийг тойрч гарах арга байхгүй байсан байхаа гэжээ. Шүтлэг бишрэлийнхээ талаар ярихдаа Норвэг улсын төрийн шашин бол протестанс урсгал, би энэ урсгалыг дагаж гишүүн нь болохыг хүсээгүй юм, миний сэтгэлд ортодокс загалмайтан их ойрхон байдаг ч Норвэгт энэ чиглэлийн шашны сүм хийд байдаггүй, тийм учраас би католик шашныг сонгосон бөгөөд би их сүсэг бишрэлтэй хүн хэмээжээ.

Жич, нэгэн зүйлийг дурдахад Норвэг улсын өмнөх Нобелийн шагналт хоёр зохиолчийн бараг бүх зохиолуудыг шагнал авсан тэр он жилүүдэд нь мажаар хэлээр хөрвүүлэн уншигч олны хүртээл болгож байжээ гэдгээс бид дүгнэлт хийх л ёстой мэт бодогдном.





Шаарошди Д. Ганболд уранзохиолын түүхч, дуун хөрвүүлэгч