Ж. Эрдэнэцэцэг
Э.Отгонбаяр: Хүлээн зөвшөөрөгдөж чадсан бол үнэ цэн, өндөр босготой байх ёстой
Э.Отгонбаяр хэмээх зураач залууг мэдэх монгол хүн олон. Үүн лүгээ
адил тэрбээр Европ тивийнхэнд тодорхой хэмжээнд танил болж, хүлээн
зөвшөөрөгдөж яваа авьяастан юм. Берлинд амьдарч, уран бүтээлээ
туурвидаг зураач залуу сүүлийн үед судлаач, урлагийн менежер
мэргэжлээрээ түлхүү ажиллаж байна. Өнгөрсөн жил Монголдоо уран бүтээлээ
дэлгэсэн түүнээс “Ажиглаад байх нь
ээ, сүүлийн үед Европын орнуудад үзэсгэлэнгээ зохион байгуулах нь эрс
багассан байна. Юутай холбоотой вэ. Судалгааны ажлаас болоод зурахаа
хойш тавиад байна уу” гэж асуухад “Би зургуудаа үзүүлье, үзэсгэлэнгээ зохион байгуулъя” гэж нэгэн үе их идэвхтэй явж, уралдаануудад ч оролцдог байлаа.
Одоо харин “Таны үзэсгэлэнг бид
зохион байгуулъя. Та ийм тийм арга хэмжээнд оролцоно уу, тэр бүтээлийг
тань дэлгэж олны хүртээл болгомоор байна” гэж галерей,
музейгээс, судлаач, кураторуудаас санал ирдэг болсон. Би ирсэн урилга
болгоныг шүүрч авдаггүй. Тухайн арга хэмжээний хамрах хүрээ, чансааг нь
харж байж хариу илгээдэг. Хүлээн зөвшөөрөгдөж чадсан бол үнэ цэн, өндөр
босготой байх ёстой гэж боддог. Өмнө нь нэг хаалга онгойлгох гэж яддаг
байлаа. Одоо бол өөрийн хаалгыг хааж, тэгснээр дараагийн хэд хэдэн
үүдийг нээх боломжийг бүрдүүлдэг болсон” гэж хариулав. Энэ бол Монголын
зураач Э.Отгонбаяр амьдарч буй нийгэмдээ, цаашлаад Европын орнуудад
хэдийн танигдаж, нэр хүндтэй болсны илрэл.
Тэрбээр Европт аль түвшинд хүрснийг нь гэрчлэх нэгэн үйл явдал энэ
өдрүүдэд болж байна. Дэлхийн байгаль, уур амьсгалын өөрчлөлт өнөөдөр
ямар байгааг хөндсөн, асуудал дэвшүүлсэн бүтээлүүд бүхий үзэсгэлэнг
Берлинд зохион байгуулж, түүнд олон улсаас 25 орны шилдэг 42 зураачийг
сонгон, оролцуулж буйн нэг нь Э.Отгонбаяр. Кураторынх нь тодотгосноор,
дэлхийн уран бүтээлчдийн шигшмэлүүдийн бүтээлийг тэнд дэлгэжээ.
ХБНГУ-ын Байгаль орчны яамны ивээл доор болж буй “Планет арт”
үзэсгэлэнг 6000 ам метр талбайд дэлгэсэн талаараа зохион байгуулагчид
нь мэдээлжээ. Зураач Отгоо ч энэ талаар онцолж байсан юм. Ер нь олон
улсын хэмжээ ний том үзэсгэлэн, яармаг, экспог зохион байгуулах
танхимынх нь хэмжээгээр, бүр тодруулбал, орон зайгаар нь үнэлдэг жишиг
байдаг аж. Учир нь олон талаас нь, хол, ойроос харж, ерөнхий агуулга,
утга, илэрхийллийг нь мэдэрч, ойлгох гэхчлэн өвөрмөц, онцлогтой
бүтээлүүд байдаг. Нөгөөтээгүүр зай талбайгаар үзэсгэлэнгийн ач
холбогдлыг хэмжих нь бий гэсэн.
Уйгагүй хүн уул нүхэлнэ гэж хэлэх дуртай Отгоо зураач хэдэн жилийн өмнө
Берлинд 440 ам метр талбайтай хоёр дахь “Берлин дэх Отгоогийн орон зай”
галерейгаа нээсэн нь ч ийм учиртай буй за. Ташрамд өгүүлэхэд, Европын
том хотод хувийн галерейгаа байгуулсны дараа тэрбээр “Миний
эрхэм зорилго бол Монголын соёл, урлагийг гадаадад таниулан,
сурталчлах, нэр хүнд, үнэлгээг нь өсгөх явдал. Нэгэн цагт дэлхийг
туурайн төвөргөөнөөр донсолгож, Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ
мөнхөд хоногшуулж чадсан монголчууд өдгөө оюунаараа, урлагаараа дахин
довтлон гарч ирэх болтугай” гэж “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.
«UNENDLICH» – Solo Exhibition with OtGO KUNSTVEREIN
KONSTANZ
GERMANY
Өмнө нь мах бэлтгэлийн үйлдвэр байсан, өдгөө Соёлын төв болсон
байгууламжид “Планет арт” болж буйгаараа тун онцлог юм байна. Ийм
газарт Э.Отгонбаярын “Анти Арктик панорама”
хэмээх, тус бүр нь 1.5х1.5 метр хэмжээтэй, 20 мянга гаруй оцон шувуу
дүрсэлсэн, 12 цуврал, дэлгэмэл бүтээлийг таазнаас дүүжлэн агаарт
байрлуулан олны хүртээл болгож буй.
Тэрбээр үе үе хошигнох дуртай. Яг хэрэгтэй үед нь “хөөрхөн чимхээд”
авна. Энэ удаа ч “Нөгөө хэдэн пингвин минь хүйтэн газарт хэсэг ч болов
байг гэж бодоод би “Планет арт”-д оролцохоор зөвшөөрсөн” гэж хошигнов.
Тэгээд ч цэнхэр гаргийн уур амьсгал, экологийн талаар дуугарах нь
дэлхийн иргэний үүрэг, нэр төрийн хэрэг гэдгийг тэрбээр тодотгосон юм.
Германчууд эрүүл, байгальд ээлтэй байхад түлхүү анхаардаг. Улс төрийн
амьдралд нь хүртэл Ногоон нам нь, экологийн талаар дуугарч байгаа нь
илүү үнэлэгддэг болсон гэдгийг мөн онцлов.
Э.Отгонбаяр дэлхийн уран зураг, урлагийн төвийн нэг Германд хэдийн
танигдсаныг гэрчлэх бас нэгэн арга хэмжээ өнөөдөр Констанц хотод болох
юм. Тус хотын захиргааны санаачилгаар түүний бие даасан “Хязгааргүй”
үзэсгэлэнг эртний нэгэн музейд зохион байгуулж байна. Монгол зураач
залуу “Сүүлийн үед цифрээр “оролдоод” байгаа” гэж байсан. Тэр нь
хязгааргүй орчлонгийн хаа нэгтээ байгаа хүнийг хэдэн сая тоо буюу
цифрээр илэрхийлсэн, дэлгэмэл бүтээл юм. Мөн л цуврал бүтээл бөгөөд
холоос ажиглавал яг л сансраас авсан гэрэл зураг шиг тун содон, өвөрмөц
эд байна. Э.Отгонбаярын туурвилын онцлог нь миниатюр буюу хамгийн
чимхлүүр, тэвчээр шаардсан төрөл юм. Тиймдээ ч эл бүтээлд хэдэн сая
тоо, дүрс багтсан. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас тус улсад
суугаа Элчин сайд оролцох талаар Отгоо цахим хуудсаараа мэдээллээ.
“Би Монголдоо зураачийн мэргэжил эзэмшиж, энэ чиглэлээр ажиллаж байгаад
Герман руу явсан. Надад Монголынх гэх өвөрмөц өв соёл, туурвих арга
барил, эзэмшсэн техник зэрэг давуу тал байгаагаа харуулчихсан. Тиймээс
зурахаас илүүтэй урлаг судлалд суралцаж, боловсорч, эл чиглэлээр
ажиллах нь миний зорилго. Германд ажиллаж, амьдарсан 15 жилийн
хугацаанд судалгаа талыг түлхүү анхаарч ирлээ. Судлал, судалгаа бол
зөвхөн түүх биш. Түүнд тулгуурласан шинжлэх ухааны ажил юм. Энэ
утгаараа би 2010 онд урлаг судлалаар мастерын зэрэг хамгаалсан” гэх энэ
хүн XIII зууны Монголын түүхтэй холбоотой маш том судалгааныхаа ард
гарчихаад, өдгөө түүнийхээ хүрээг улам өргөжүүлж, ном бүтээл болгохоор
ажиллаж байна. Энэ тухай болон Баруунд монгол ахуй соёлыг таниулах,
“гайхуулах”, сурталчлах ажлынх нь талаар түүнтэй ярилцаж, олон сайхан
мэдээлэл сонслоо.
Тэрбээр докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа гэнэ. Үүнийхээ
хүрээнд Германы хамгийн эртний дөрвөн их сургуулийн нэг, Берлин дэх
Гумбольдтын нэрэмжит сургуулийн оюутнуудад лекц уншиж, Азийн өвөрмөц
уламжлалтай эх орныхоо ахуй, аж байдал, Монголын эзэнт гүрэн дэлхийн
соёл, урлагийн ертөнцөд хэрхэн нөлөөлснийг таниулж, тэр хэрээр
судалгаагаа лавшруулж байгаа аж. Яг энэ чиглэлээр Германы олон
байгууллага түүнийг урьж, лекц уншуулахын зэрэгцээ харилцан яриа
өрнүүлдэг нь түүхийнхээ сурталчилгааг хийх бас нэгэн боломж гэж тэрбээр
олзуурхан өгүүлэв.
«UNENDLICH» – Solo Exhibition with OtGO KUNSTVEREIN
KONSTANZ
GERMANY
“Чингис хааны байлдан дагууллын үр
дагавар, нөлөөлөл энэ цаг үед байна уу, тэр үеэс чухам юу үлдэв гэдгийг
судлахад бахархмаар баримт олон байна. Урлаг, соёл амьдралын амин сүнс
гэдэг. Тэгвэл дэлхийнхний сүнсэнд хэдэн зууны турш Монголын эзэнт
гүрнүүдийн нөлөө асар их байсан. Харамсалтай нь, монголчууд маань
өөрсдөө энэ талаар дуугарах гүй, дуу хоолойгоо хүргэхгүй болохоор
Монголтой холбоотой бадарсан гэрлүүдийг тухайн улс уламжлалт өв, соёлоо
болгоод өвлүүлчихсэн. Жишээ нь, манай их хаадын үед олон улс, үндэстний
шашныг хүлээн зөвшөөрч, тэгш эрхтэй оршин тогтнуулж байсан. Байлдан
дагуулсан улсуудад нь тухайн үед сүм, барилга байгууламж босгохдоо
монгол хаан болон түшмэдийн зөршөөрлийг авахын тулд санаа, бодлыг нь
сонсож тусгадаг байж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, монгол хүний таалалд
нийцүүлэхийн тулд жижиг, том гэлтгүй монгол гэх “үнэр” шингээхээс
аргагүй. Өнөө цагийн жишээгээр хэлэхэд, архитектор захиалагчийнхаа
хүсэл, санаагаар л барилга барина. Хэдийгээр өөрөө зураг, загварыг
гаргаж байгаа ч уг санаа, агуулга нь захиалагчийнх юм. Тэгэхээр угтаа
бол зохиогч нь захиалагч болж таарна даа. Үүнтэй адил манай хаадын үед
олон улсад баригдсан сүм, хийд зэрэг цөөнгүй барилга байгууламжид
монгол ухаан их, багаар шингэж, Монголынх гэх элемент шигтгэсэн байдаг.
Гэтэл эл нөлөөллийг цаад улсууд нь мэдэрдэг үү, хүлээн зөвшөөрдөг үү
гэдэг асуулт их чухал. Түүхээ яриад, сурталчилж, ухуулаад явахаар
хүмүүс “Нээрэн тийм юм байна” гэдэг. Гэхдээ аливаа зүйлийг таамгаар
бус, баримт, нотолгоогоор баталгаажуулан гаргах ёстой. Үүний тулд би
ажиллаж, докторын зэрэг хамгаалахаар судалж явна” гэж өгүүлсэн
Э.Отгонбаяр “Миний лекцийг сонсохоосоо өмнө европ хүмүүс тухайн сэдвийн
хүрээнд их, бага хэмжээгээр уншиж, судалчихаад ирдэг. Энэ бол их том
соёл. Мэдээлэл хүртэх, мэдлэг хураах, харилцагчаа хүндлэх соёлд
барууныхан тун ул суурьтай ханддаг” хэмээн тодотголоо.
“Би зурдаггүй. Сэтгэлд минь нэг зүйл үргэлж буцалж, зурахад хүргэдэг”
гэх Э.Отгонбаяр төлөвлөсөн ажил болгоноо мөрөөдөл гэдэг. Тэрбээр
мөрөөдлийнхөө төлөө, их хаад шигээ дэлхийд гарч ирэх монгол ялгарлын
төлөө өөрийн зүгээс түүчээлэн буй залуу. Тэгж дэлхийд дахин цойлон
гарахын тулд монголчууд соёлын бодлогоо эдийн засаг, улс төрийнхөөс
дутахгүй авч явах ёстойг тэрбээр өгүүллээ. Эдийн засгаар хэн нэгнээс
хамаарах үе байж болох ч өв соёлоо хамгаалж, дархлаажуулж чадсан байхад
хэзээ ч бусдын эрхшээлд орохгүй гэж тэрбээр хэлсэн. “Даяаршил гэдгийг
бид дэлхийн хаа сайгүй байгаа “МакДоналдс”-аар төсөөлж болохгүй. Тэр
зүйл манайд байхгүй гэж бид бахархалтай хэлж, цээжээ дэлдвэл сайхан. Эс
бөгөөс бид олон зүйлээ мартахад хүрнэ. Өнөөдөр үнэндээ сүүтэй цайнаас
татгалзаж, кофег илүүд үзэх болсон. Энэ бол өв соёл чимээгүй үгүй
болдог ганц жишээ” гэж том гүрнүүдийн “хоморголох” бодлогыг бас
шүүмжлээд авав.
Өнөөдөр Монголын уран бүтээлчдийн
ялангуяа ахмадуудынхаа оюун, сэтгэлийн үр хүүхэд болсон зураг,
бүтээлийг бэл бэнчинтэй, цуглуулагч монгол хүмүүс бараг л талхны
мөнгөөр худалдаж авч байгаа нь харамсалтай. Энэ бол доромжлол,
гутамшиг. Эдийн засаг ийм хүнд байгаа үед уран бүтээлчдээ харин ч
дэмжих ёстой. Еврейчүүд энэ тал дээр үнэхээр ухаалаг, нэгдмэл байж
чаддаг. Тэдний цусанд үндэстний бахархал гэдэг зүйл бат шингэсэн. Бид
тэгж эвлэрэн нэгдэж, нэгнийгээ дэмжиж, түүнийгээ үндэсний бахархлаа
болгох ёстой гэж Э.Отгонбаяр ярилаа.
Хүний нутагт олон жил болсон монгол залуугийн хэлсэн эвлэрэл,
нэгдлийн тухай бид бодох цаг хэдийн болсон нь үнэн. Өнгөрсөн сард эх
орондоо ирж, “Монголын нууц товчоог монгол зургийн аргаар” номынхоо
хүрээнд эрдэмтэн, судлаачидтай уулзаад буцсан зураач залуу 1998 онд
эхэлсэн энэ том ажлаа дуусгахаар ийнхүү шамдаж буй. XIII зууны эх
сурвалжуудад байгаа зургийн аргыг тэр чигт нь буулгаж эл бүтээлээ хийж
байгаа гэнэ. Уг нь зургуудаа аль 2010 онд дуусгаж, мастерын зэргээ эл
сэдвээр хамгаалсан бөгөөд өдгөө шинэчлэн, сайжруулж байгаа аж. Өнгөрсөн
онд 20 “нас” хүрсэн номынхоо зургийг бэлтгэж нэгэнт дуусаад, өдгөө
текст шивэх, хэвлэлийн эх бэлтгэх ажлаа эхэлж байгаа гэсэн. Уг ном
тунчиг учир, утгатай юм билээ. Тодруулбал, XIII зууны эх сурвалжууд
дахь зургуудыг хуулбарлан зурснаар номынхоо баатруудыг “амилуулжээ”.
Өөрөөр хэлбэл, хэдэн зууны тэртээх үеийн хэв маягаар бүтээж байгаа
гэсэн үг. “Монголын нууц товчоог монгол зургийн аргаар” ном одоогоор
618 хуудас, 3000 бичил зурагтай байгаа аж. Өөрийнх нь хэлснээр “Чөмгөө
шавхан хийж байгаа” ийм нэгэн сайхан бүтээл ирэх оноос хэвлэгдэх юм
байна.
Тэрбээр “Монголын нууц товчоо” бол хүндэтгэлтэй хандах бидний бахархалт
баримт учраас зургаар илэрхийлэхдээ маш их зүйл судалж, уншиж,
баяжуулж, басхүү эмээж, хичээж бүтээж буй учраас гараас гарахгүй 21 жил
болжээ. Тэр хэрээр чамбай хандахыг хичээсэн” гэлээ. “Энэ ном бол
Монголынхоо урлаг, соёлд оруулж буй миний хувь нэмэр, бэлэг” гэсэн
Э.Отгонбаяр ийм л чамбай, нямбай уран бүтээлч бөлгөө.
«UNENDLICH» – Solo Exhibition with OtGO KUNSTVEREIN
KONSTANZ
GERMANY