ОТГО

mongolangli_helgerman

ҮНЭН СОНИН
2015 оны 10 сарын 29

сэтгүүлч
Б.Сэлэнгэ
Э.Отгонбаяр: Монголд дэлхийн стандартад нийцсэн музей байгуулж байна

Монголын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдээс гадаадад анх удаа галерейгаа нээсэн зураач бол урлаг судлаач Э.Отгонбаяр юм. Германд амьдарч, ажиллаж буй түүнтэй бүтээн байгуулж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Эх орондоо ирээд удаагүй байгаа таниас сүүлийн үеийн сонин сайхнаас асууж яриагаа эхэлье?

-Би “Модун” группийн захирал Д.Батбаярын урилгаар ирсэн. Д.Батбаяр гуай олон жил урлагийн бүтээл цуглуулсан хүн. Түүний цуглуулсан бүтээлүүд он цагийн хувьд Хүрлийн үеэс орчин үеийн музейн хэмжээний бүтээл болохоор байна. Д.Батбаяр гуай цуглуулгаа “Энэ миний өмч биш. Монголын өмч” хэмээн үзээд музей байгуулахаар шийдээд ажиллаж байна. Үүнд нь бид хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүний гол зорилго нь Монголд дэлхийн хэмжээний музей байгуулах. Энэ утгаараа дэлхийн стандартад нийцсэн музей барихаар ажлаа эхлүүлээд байна. Бид музейгээ“Монголын урлагийн музей” гэж нэрлэсэн. Музейг ирэх сарын эхний долоо хоногт нээх бөгөөд Буянт-Ухаан дэнж дээр барьж байгаа юм. Музей 6000 ам.метр талбайтай. Дэлхийд музейн барилга 3000 ам.метр талбайтай байвал томд тооцогддог. Тэгэхээр манай музей дэлхийн стандартад нийцсэн том талбайтай болно гэсэн үг. Тиймээс эхний ээлжид музейн 1000 ам.метр талбайг ашиглалтад оруулъя гэж төлөвлөөд байна. Тэндээсээ туршлага хуримтлуулаад дараа дараагийнхаа ажлыг хийе гэж бодлоо. Монголд хааяа ирэхээр нийгэм, эдийн засгийн байдлаасаа хамаараад хүмүүсийн сэтгэл зүй өөр байдаг. Сая ирэхэд хүн болгон эдийн засгийн талаар ярьсан, гутранги үзэлтэй болсон байна. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч бид гэгээлэг ажил хийе гэж бодсон юм.

-Яагаад заавал таныг урьсан юм бол. Та хоёр өмнө нь хамтран ажиллаж байсан уу?

-Би Германд галерей ажиллуулдаг. Германы музейнүүд дэлхийн стандартад нийцсэн байдаг учраас хамтарч ажиллахаар болсон байх. Бид өнгөрсөн зун Швейцарь, Германы шинээр байгуулсан орчин үеийн музейнүүдээр аялсан. Аяллынхаа үр дүнд Монголд байгуулах музейгээ Германы стандартаар байгуулахаар болсон.

-Урлагийн бүтээлийн цуглуулгын талаар сонирхуулна уу. Эхний ээлжинд хэчнээн бүтээлийг музейд тавих вэ?

-Хүрлийн үеийн дурсгал, бурхан, танка, болон угсаатан зүйн төрлөөр дагнасан арвин баялаг цуглуулга бий. Тэр дундаа хэдэн мянган жилийн өмнөөс эхлээд XVIII-XX зууны үеийн бүтээлийг голчилсон. Мөн 1940 оны үеэс уран бүтээлээ туурвисан Монголын нэрт уран зургийн мастеруудын бүтээлийн цуглуулга ч бий. Харин шинэ цагийн бүтээл одоохондоо ховор байна. Учир нь музейд бүтээлээ тавих нь босго өндөртэй. Нөгөөтэйгүүр 1970, 1980-аад оны урлагийн бүтээлийг зоосны нүхээр хараагүй байдаг. Орчин цагт уран бүтээлчид нийгмээ дагаад ашиг хонжоо олохын төлөө ажиллаад байгаа юм шиг санагддаг. Тиймээс орчин үеийн бүтээлийг нарийн шалгаж, шүүмжтэй хандаж байгаа.

-Музейд таны ямар бүтээлийг тавих вэ?

-Би бүтээлээ музейд тавихгүй. Учир нь энэ удаагийн ажилд зураач гэхээсээ урлагийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Тиймээс энэ хоёр ажлыг хольж болохгүй.

-Музейн бүтээлийг худалдах уу?

-Музей худалдааны байгууллага биш. Урлагийн өвийг хадгалж, хамгаалж, судлан олон нийтийн хүртээл болгох учиртай. Тиймээс цаашдаа дэлхийн судлаачдыг уулзуулж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тэгэхдээ Монголын бүтээлийг дэлхийн ижил төстэй болон нэг цагт хийсэн бүтээлтэй харьцуулсан судалгаа хийнэ. Музейн ажлын 40-50 хувийг судалгаанд тулгуурлан хийнэ.

-Урлаг судлаач хүний хувьд сүүлийн үеийн уран бүтээлчдийн ур чадвар, өнгийг хэрхэн харж байна вэ?

-Бид даяаршлын эрин зуунд амьдарч байна. Тиймээс урлагийн бүтээлийг ямар нэгэн зүйлээр хязгаарлах боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, урлагийг Францынх, Монголынх гэж ангилж ярихад тохиромжгүй болсон байна. Тэгэхээр дэлхийн урлагийн тавцанд юу болж байна, Монголд түүнийх нь өнгө бас л харагдана гэсэн үг юм.

-Бидний ярилцлага таны одоо хийж буй ажлын талаар ихэвчлэн өрнөлөө. Хувь уран бүтээлчийн сонин сайхнаасаа хуваалцана уу?

-Би2016 оны тавдугаар сард Молдав улсын үндэсний галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрх авсан. Намайг үзэсгэлэн гаргахад Молдавын музейнүүдийн ерөнхий захирал“Отгоо чиний насны хүн манай үндэсний галерейд үзэсгэлэнгээ гаргасан түүх байхгүй. Чи шинэ түүх бичиж байгаа шүү” гэсэн. Энэ хүний хэлсэн үг надад маш том шагнал болж байсан юм. Үзэсгэлэн гаргах эрхийг өнгөрсөн тавдугаар сард болсон орчин үеийн зургийн биеннальд Гранприйн эзэн болж авсан. Германд юмуу Европын бусад оронд үзэсгэлэн гаргах нь монголчуудын хувьд Ардын жүжигчинтэй дүйцэхээр үнэлэгддэг. Тиймээс хэр баргийн хүн үзэсгэлэнгээ гаргаж чаддаггүй. Музейнүүд ч босго өндөртэй байдаг. Би энэхүү үзэсгэлэндээ зориулж есөн метр урт, гурван метр өндөр зураг зурахын тулд спортын заал түрээслээд ажиллаж байгаа.

-Одоо зурж буй бүтээл тань ямар агуулгатай вэ?

-Хаан оцон шувууны сэдэвтэй зураг зурж байна. Энэ шувуу одоогоор 40 орчим колони бий. Энэ амьтныг Монголоор “Улаан ном”-д оруулан хамгаалалтад авсан. Учир нь хаан оцон шувууны түүх их эмгэнэлтэй. Энэ шувууг хүмүүс олноор нь устгаж байсан юм. Гэхдээ тэр түүхийг нуусан учраас хүмүүс мэддэггүй. Тиймээс хаан оцон шувууны 41 дэх колонийг би зурж байна. Зурагтаа 27 ам.метр талбайд 20 орчим мянган оцон шувууг зурсан. Зургийг сайн ажиглавал миний зургийн гол санаа нь харагдана.

-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

Б.Сэлэнгэ
ҮНЭН СОНИН
2015 оны 10 сарын 29
http://www.unen.mn/content/55844.shtml?alias=entertainment


--------------------------------------------------------------

Dr. Ulrike Lorenz (Ульрике Лоренц)
Museum director of Kunshalle Mannheim

(Герман хэлнээс Монгол хэл рүү орчуулсан Ж.Энхбүрд)

Э. Отгонбаяр – “Цагаан” үзэсгэлэн
Үзэсэгэлэнгийн нээлт  Gallery Peter Zimmermann, 2015.6.12

Өөр соёл урлагийн хил хязгаарыг давах нь нэг бол шинээр эрх чөлөө олж авах эсвэл эрсдэлтэй тулгарч болзошгүй зүйл. Хоёр ертөнцийн хоорондох зам харгуйгүй орон зайг зөвхөн эр зоригоороо даван туулах болно. Гэнэтийн үйл явдал, хуурмаг зүйлээс өөрийгөө хамгаалах ёстой болно. Алхам бүр нэг бол алдаа, дутагдалт эсвэл ололт, ухаарлын шинэ боломжинд хүргэнэ. Уран бүтээлчийн хувьд хүчин төгөлдөр энэ үг түүний зургуудыг үзэж буй үзэгчид мөн адил хамаатай.

Бид байгаль дэлхийг харуулсан зургуудын дунд зогсож байна. Харийн боловч ямар нэгэн сонин мэдрэмжээр танил ч юм шиг ертөнц бидний нүдэнд тусна. Зах хязгааргүй зэлүүд нутагт нууцлаг амьдрал өрнөнө. Олон удаа давцах өнгөт зурвасуудаас тогтох суурин дээр бужигнасан олон дүрсүүд шигтгээстэй.

Холоос уламжлалт бус бүтцүүдийг гайхалтай амилуулсан мэт харагдах бүтээл ойртон харахад постмодерн ёжлол (postmoderner Ironie) маягийн таслалттай текст болон хувирч, гадаргуу дээр нь тулан очиж үзэхэд диваажингийн гэнэн цайлган, ариун сэтгэлээрээ аливаа нэгэн шүүмжлэл, өнөө үетэй огт холбоогүй, маш ухаалаг график шийдвэртэй комикстэй төсөөтэй фигуруудын дүрслэл байх юм.

Бидний харж байгаа зураг олон үет гэх үгийн жинхэнэ утгаараа энд байна. Нэг талаас лазурь болсон олон өнгийн давхцсан хийсвэр урсгалууд, нөгөө талаас уран гүйцэтгэлтэй нэг хэвийн хүн болон амьтны дүрсүүдийн холболт, шуурга, сүлжээ нийт талбайг бүрхэнэ. Бид зураг урлах энэхүү холилдоогүй, хэтийн төлөвгүй хоёр түвшин нь бидний түгээмэл ухаарлын хэмжүүрүүдээс тэс ондоо байдлаар өөр хоорондоо чадварлаг нийлснийг олж харна.

Абстракц, дүрслэлт алга болоогүй төдийгүй өөрсдийн эсрэг тэсрэг чанараа тус бүр илүү тод харуулна. Гэвч зураг дахь ертөнц дэлбэрч сүйрэхийн оронд дэлгэцнээ тайтгаруулсан зөрчлөөс гэнэт урьд өмнө үзэгдээгүй дүрэлзсэн гэгээтэй, бурхны дүр бүтээлийн олон утгатай том хэмжээний хээ урган гарч, дүрсүүдийн эмх замбараагүй байдал болон хатуу системчлэлийн хоорондох омголон зөрчил бишрэл төрүүлнэ.
Товчхондоо: Бидний харж буй зурагт нэг хэмжээст тайлбарлал, учир шалтгааны тайлалт боломжгүй. Иймд зүй ёсоор сонирхол татах талбарт нэвтрэн орохдоо болгоомжтой байвал зохистой.

Танихгүй газар аялах бид эхлээд зөвхөн үүнийг хэлж чадах юм: Энэхүү гайхал төрүүлэх зургууд ЧИЧИРХИЙЛЭЛ (
HYBRIDES ГИБРИДУУД) юм. Тэд соёлын давхцлын тодорхой бус нэгэн орон зайг тэмдэглэнэ. Нийгмийн шинжлэх ухаан холимог байдлыг тэс ондоо соёл, нийгэм эсвэл шашны амьдралаас үүдэлтэй сөрөг утгатай оюун ухаан болон нэгтгэж үл болох логикуудыг үйлдэл хийх, бодож сэтгэх шинэ загварт нэгтгэх үзэгдэл гэж тодорхойлно. Нэн тэргүүнд энэ тохиолдолд соёлын дэвшил урагшилдаг ба миний бодлоор жинхэнэ шинэчлэлийн боломж эндээс бүрдэнэ.

Э. Отгонбаяр буюу Отго нь 1981 оны 1-р сарын 18-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоод ажилчин Эршүүгийн 6 дах хүү нь болж төрсөн. Төв, Хойд, зүүн Азийн дунд байрлах талын Монгол орон нь Герман улсаас бараг 5 дахин том бөгөөд 3 сая иргэнтэй энэ улс дэлхийн хамгийн сийрэг хүн амтай бие даасан улс билээ. Хэдэн мянган жилийн туршид энд нүүдэлчид оршин сууж ирсэн байдаг. 12-р зууны эцсээр Чингис хаан 70 жилийн хугацаанд дэлхийн нэг гүрэн болгосон түүхтэй. Тэр үеээс хойш Монгол улс буддын, ламын шашинтай бөгөөд эдгээр нь социалист ард улсын (Монгол улс нь ЗХУ-ын дараа хоёрдахь социалист орон) тогтолцоог даван оршин тогтож буй.

Зураач Отго нь 7-н төрсөн болон 1 өргөмөл ах дүү нартайгаа энэ дэлхийн нөгөө өнцөгт өсөж өндийсөн. Түүний урлагийн авьяас нь эрт элэрсэн бөгөөд 1990 –д онуудад Улаанбаатар хот дах ДУДС-д  Монгол Зургийн ангид суралцжээ. Дараа нь бие дааж 6 жилийн турш монголын уламжлалт бичил зургийн урлагт суралцаж, хэсэг хугацаанд уран зургийн сэргээн засварлагчаар ажиллаж байжээ. Ингэхдээ Отго нь өөрийн эх орны нутгаар явган, морьтой, усан болон агаарын хөлөг онгоцоор “нүүдэллэн” нуугдмал өнцөг, орон нутаг, сүм хийд алгасахгүй эх сурвалжууд дээр очсон байдаг. Ингэж явахдаа янз бүрийн хүмүүстэй учирч өөрийн багш нартайгаа хамт амьдарч байжээ. Энэ цаг үеээс л өөрийн өвөг дээдсийн эх нутаг болон тэдгээрийн итгэж ирсэн шашин шүтлэгт сэтгэлтэй болсон байдаг.

Отгоо монголын бичил зургийн арга барил, бурхны дүр бүтээх урлаг болон бишрэл сүсгийг багш шавийн шууд харилцаатай буддын ламын шашны хийдүүдэд эзэмшсэн бөгөөд зургийн бүх багажийг өөрөө хийж эхэлсэн. Тэрбээр гар урлал гэхээсээ илүүтэй гүн ухаан болсон Танка зургийн чадварыг гарамгай эзэмшсэн. Танка зураг нь тантри буддизмын (ламын шашны) дүрслэгдсэн төрх нь юм. Танка (Thangka) зураг-г хийд сүм, гэртээ бурхны өмнө бясалгал хийх үед дэлгэдэг ба олон нийтийн мөргөл үйлдэхэд залдаг.

Отгоо хамгийн нарийн ширхэгтэй бийрээр хараа зүйн туслах багажгүй өчүүхэн диа гэрэл зургийн (6x7см) хэмжээтэй зайд олон зуун Будда, Бодисаттва болох сахиусыг зурж, маш нарийн хээтэй тусдаа фигуруудыг бүтээжээ. Түүний нууцлаг хар суурь нь хөө, нэрмэл архиар найруулагдсан, өнгүүд нь эрдэслэг болон ургамал гаралтай пигментуудийг сарлагийн шийрээс гарган авсан цавуугаар бэхжүүлсэн байдаг. Тодорхой болсон урсгал дотор Отго урлагийн хүний хувьд өөрийгөө шинээр олж, зургийн урлаг нь түүнд шашны аливаа нэгэн зорилго агуулгагүй бясалгал болдог. Тэрбээр, амьд бурхнаар дамжин эрч хүч гүйцэтгэгч өөрт нь зэвсэг хэрэгсэл болж ирнэ гэсэн бишрэлтэт ойлголттой  ажилдаг.

Бурханы зургийг гараараа бус бясалгаж буй мэт сэтгэл оюунаараа бүтээдэг. Энэ үед яг л бясалгал хийж байгаа мэт шинэ эрч хүч, энерг ирдэг”. Зураач бурхадын дүрийг бүтээхдээ хамгийн сүүлд мэлмийг нь тодруулснаар бурхад амилдаг.
Энэхүү зураг урлагийн хамгийн чухал суурь нь байгалийн гэрэл юм. Монголд жилд 300 хоног нартай байдаг. Тиймээс Отгоогийн хувьд Герман улс нэгэн сорилт болсон. Учир нь Отгонбаяр төрийн олон шагнал хүртэж, дэлхий даяар үзэсгэлэн гаргасны дараа 2005 онд Берлин рүү нүүж ирэн 2007 онд дахин урлагт суралцахаар энэ удаа Берлины Урлагийн Их Сургуулийн - Урлагийн Хүрээлэнд элсэн, 2010 онд урлагийн мастер цолтойгоор дүүргэсэн.

Уран бүтээлч маань ийнхүү баруун европын урлагийн түүх болон орчин үеийн урлагийн арга барил, бурхны дүр бүтээх урлаг, ухамсрыг эзэмшсэн төдийгүй урлаг, хэвлэл мэдээлэл, постмодерны тухай өнөө үеийн хэлэцүүлэгт гүн орсон болно. Тэрбээр хил даван шинэ ертөнц рүү нэвтэрч, өөрийн харах ертөнцөө өргөтгөсөн боловч өмнөх хэвшмэл болсон зүйлсээ үгүйсгээгүй юм. Отго Германд зураачаар ажиллаад зогсохгүй Европ болон өөрийн эх орны хоорондох урлаг болон оюун ухааны солилцоонд идэвхитэй оролцдог. “Зураг” галерейдаа тэрбээр өрнө дорныг уулзуулах, монголын соёлыг мэдрэх боломж олгосон, Монгол улсын ерөнхий сайд ч орж гардаг, урлагаар амьсгалсан найрсаг төвийг бий болгосон.

Германд нарны гэрэл дутаж, “тэнгэр бараг байнга бүрхэг”. Хэдий тийм ч Герман улс Отгоогийн хоёрдахь сургууль төгсөлтийн дараахь 5 жилийн турш өөрийн өвөрмөц чичирхийлэлт зургийн стилийг (his hybrid style) хөгжүүлсэн газар нутаг юм. Энэхүү хэв маягт юуг ч холилдуулахгүй, уусгахгүй ба хоёр ертөнцийн соёл зургаар дүрслэгдэж, хоорондын зөрчил нь зураг болж даван туулагдах юм: Отго нь хэдийнээ өөрийн эх орны соёл, урлагийн хүрээнд орчин үеийн уур амьсгал оруулхаас гадна монголын бичил зургийн урлагийн гайхамшигт арга барил, бурханы дүр бүтээх уламжлалаар өөрийн зургийн хэрэгслэлдээ төвлөрсөн, өөр рүүгээ хандсан, Мане (Édouard Manet) болон импрессионизмын үеээс абстракцийн замыг сонгосон, уламжлалт барууны урлагийг баяжуулсан болно. Энэхүү хоёр эсрэг чиглэлтэй зургийн ойлголтыг нэвтэрч тэдний синтезийг Отгоо бий болгож байна. Түүний зургийн урлаг нь үзвэрийн бие даасан онцгой үйл явдал болох нь нотлогдсон. Санаатай зохиогдож, урлагийн өндөр түвшинд шийдлээ олсон энэ холимог нөхцөл байдал хоёр соёлын давхцлаар илэрхийлэгдэж, шинэ санааны үүд хаалга болжээ.


Отгоогийн одоогийн уран бүтээлд бурхан бүтээх илүү чөлөөт байдал болон илүү абстракцирүү хандсан нь ажиглагдана. Дүрэлзсэн графикийн драм, камасутра тачаалал нь диваажингийн эвтэй дүрсүүдийн тайвширсан огторгуйд зайгаа тавьж байна. Зургийн бүтэц нь зургийн санаанд илүү хүчтэй, ач холбогдолтой болж байгаа.

Тод хурц өнгө давамгайлж байсан хэсэг хугацааны (phase of the trend of neon-colours) дараа өнөөдөр цэрд маягийн үндсэн өнгө давамгайлж байна. Үүний зэрэгцээ зургийн бүтэц нь дохионы хэв шинжтэй болон туршилтын чанартай болсон юм. Зургийн нэг бүрчлэн элементууд илүү хүчтэй хоорондоо ууссан, холилдсон чичирхийлэл үүсгэж (hybrid mix- forms), илүү жигд болсон зургийн гадаргуу дээгүүр долгион болон мета-хээ мэт урсаж өнгөрнө.


Бид өнөөдөр тод илэрхийлэлтэй акриль будгийн зураг дээр маш нарийн чадварлаг түүшээр зурсан дүрсүүдтэй давуун холстын өмнө зогсоно. Эрээн тахийн сүргийг даган явах судалтай хослол өмссөн эмэгтэйчүүд оптик урлагийн шуурга дэгдээнэ. Пингвин шувууны сүрэг нь дөнгж гэрэлтэж харагдасна мөсөн цэнхэр доод ертөнцөд унтарч шижээтэй. Аж амьдралын нэгэн орой үдэш нүдэнд багтахгүй адуун сүрэг оюу өнгөтэй хээр талд давхиж буй зураг үзэсгэлэнгийн сүүлийн танхимын гэрэлд маш сайхан өнгө шилжилттэй.

Үзэсгэлэнд нэр хайрласан “Цагаан” Триптих (гурван талт буюу гурвалсан уран бүтээл) Та цасан өнгөт торны дунд чармай нүцгэн хүмүүсийн бие, монголын амьтны ертөнцөөс ирсэн согоо, янгир, туулай болон ирвэсүүдээс тогтох хээнүүдийн бөөгнөрөл олж харна. Зургуудын огторгуйд хүн зүй ёсоор өчүүхэн харагдана. Уламжлалт аргаар томруулах шилгүй зурсан дүрслэлтүүд холоос давууны нэхмэл мэт нийлж харагдана. Энэхүү сансар огторгуйд бүх ном Бурханы амьсгал шиг бүрэлдэхүүн хэсгүүдийг нэвтрэх, зогсолтгүй өөрчлөлт авчрах хөдөлгөөнд захирагдана.
                
Э.Отгонбаяр нь өөртөө итгэлтэй, өнөө үеийн өрний уран бүтээлч болон төлөвшсөн бөгөөд эндээс өөрийн эх орны соёлын хөгжилд хувь нэмрээ оруулдаг зураач болсон байна. Иймд түүнийг зүй ёсоор Монголын орчин үеийн урлагийн хамгийн чухал уран бүтээлч гэж нэрлэж болох аж. Гэвч Отго нь түүнээс ч илүү: олон улсын зураачдын
пост-постмодернизмын үеийн төлөөлөгч тэрбээр өнөө үеийн постмедиа зургийн урлагт шинэчлэлийн түлхэц өгч байгаа зураач хүн. Энэхүү түлхэц нь зураг болон утгын түвшин давхцах үед нэг нэгэндээ чөлөөтэй нэвтрэх боломж олгоно. Бид иж бүрэн, өөрийгөө тод хүчтэй илэрхийлсэн, өвөрмөц уран зургийн хэллэгтэй зураачийн нийт бүтээлтэй танилцаж байгаа бөгөөд эдгээр нь биднийг бишрүүлж, гайхшруулж байна.         
                                    © Ulrike Lorenz 2015


--------------------------------------------------------------

Урлаг судлаач П.Сэргэлэн

2015 оны 5 дугаар сарын 14                 

"The International Biennial of Painting Chisinau - 2015" буюу "Олон улсын орчин үеийн уран зургийн биеннал Кишинев - 2015"-ээс Монгол улсыг төлөөлөн уран бүтээлч Э.Отгонбаяр "Туурайн төвөргөөн – 52" (акрил зотон, 160*150 см, 2015 он) бүтээлээр тэргүүн байрны шагналыг (Grand Prix) авч Монгол морьдын туурайн төвөргөөнөөр Европыг хуйлрууллаа.

Тус биеннал нь 2009 онд анх Молдав улс Соёлын Яамныхаа ивээл дор үүсгэн байгуулж хоёр жилд нэг удаа орчин үеийн уран зургийг туурвигч олон улсын зураачдыг дэмжиж, тэдний уран бүтээлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, танилцуулж урамшуулах зорилгоор зохион байгуулж ирсэн бөгөөд Молдавын нийслэл Кишинев (Chisinau) хотын нэрээр ийнхүү биеннал-г нэрлэсэн байдаг.

Энэхүү 4 дэхь удаа зохиогдож буй олон улсын урлагийн нэр төртөй арга хэмжээг мэргэжлийн 8 хүнтэй олон улсын шүүгчдийн баг 32 орноос оролцсон 145 уран бүтээлчидийн 160 шалгарсан бүтээлүүдтэй танилцан шилдэг 6 уран бүтээлийг шалгаруулсны нэг нь биенналийн хамгийн том шагнал болох  (Grand Prix)-ийг "Туурайн төвөргөөн – 52" бүтээлд өгөхөөр тодруулжээ. Нийт олон улсын нэр хүндтэй 8 шүүгчидийн 7 нь уг бүтээлийн төлөө саналаа өгсөн нь тус тэмцээний хувьд анх удаа дийлэнх шүүгчид нэг бүтээлийг санал нэгтэй тэргүүн байранд сонгосон тохиолдол боллоо гэж биенналийн ерөнхий куратор, Молдавын Үндэсний Урлагийн Музейн ерөнхий захирал З.Тудор (Tudor Zbârnea) онцлон тэмдэглэж хэлсэн байна.

2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Молдав улсын нийслэл Кишиневт биенналийн шилдгүүдэд шагналыг гардуулснаар үзэсгэлэнг нээх бөгөөд Молдавын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд тус шалгарсан бүтээлүүд нь 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл тавигдаж улмаар энэ үзэсгэлэн бүрэн эхээрээ 2015 оны 8 сард Румын Улсын нийслэл Бухарест хотыг  зорино.

Э.Отгонбаярын цуврал бүтээлүүдийн нэг болох  "Туурайн төвөргөөн – 52" нь түүний энэ оны анхны бүтээл ба 1999 онд тус цувралын эхний бүтээл зурагдаад одоо Австрали улсад, харин хамгийн томд тооцогдох 720*440 см хэмжээтэй "Туурайн төвөргөөн – 30" нь 2012-2013 онд бүтээгдээд одоо та бидний сайн мэдэх Бест Вестерн Пример Туушин зочид буудлын хоймор танхимийг чимж байгаа.

Монголын орчин үеийн уран бүтээлчидийн томоохон төлөөлөгч Э.Отгонбаяр монгол зургийн уламжлалт арга, техникийг задлан хөгжүүлж орчин цагийн хэлбэрт оруулан уран бүтээлээ туурвидаг онцлогтой. Тэрбээр 2005 оноос хойш Герман улсад амьдарч бүтээлээ туурвихын зэрэгцээ 2010 онд Берлиний Урлагийн Их Сургуулийг амжилттай дүүргэж улмаар тухайн жилдээ "ЗУРАГ" нэртэй галерейг орчин үеийн урлагийн төв гэгдэх Берлин хотод үүсгэн байгуулсан нь Монголын урлагийн түүхэнд монгол хүн хилийн чанадад нээсэн анхны галерей болсон байдаг.

OTGO is The Winner of GRAND PRIX
of The International Biennale of Painting Chisinau-2015

--------------------------------------------------------------

Магистрын сэдэв:

"Өнөөгийн Монгол дахь Чингис Хаан-Культ уран бүтээлч Эршүүгийн Отгонбаярын Комик номын тусгалд"

Арианэ Сауэрын (Ariane Sauer) магистрын ажил
Герман Улс, Хайдэлбергийн их сургуулийн философийн тэнхим (2014)

Товчлол:

Монгол улс сүүлийн 25 жилд монголын түүх болон түүхэн дэх анхны их эзэн Чингис хааныг (1155-1227) эргэн судлах, шүтэх нь газар авчээ. Тэрээр 13 зууны эхэн үед тархай бутархай байсан нүүдэлчин овог отгийг нэгтгэж төв Азийн их эзэнт гүрнийг  байгуулсан юм. 1990 оныг хүртэл Зөвлөлт холбоот улсын нөлөөгөөр Чингис хаан болон түүнийг үзэх үзэл нь улс төр, соёлын хорионд хязгаарлагдсаар, харин өнөөгийн Монголд түүний нэр мөн хөрөг нь үндэсний онцлог дүр "identification figure" болоод байна. Тус магистрын ажилд монголын урлаг тэр тусмаа дүрслэх урлагт өнөөдрийн Чингис Хаан-Культ хэрхэн тусгалаа олж буйн жишээг олны танил зураач Э.Отгонбаярын  "Монголын нууц товчоо" комик номонд хэрхэн илэрхийлснээр судалсан байна. XX зууны түүхэн баримтанд тодорхойлсноор мөн уран зохиолын дурсгал болсон Монголын нууц товчооноос (1228-1240) эх аван Отгогийн комик зургийн номноос зарим зургийг ишлэн авч Иконография (iconography) хөрөг зураг зүй, хэлбэр, стилийн хувьд ялган, төрөлжүүлэхийн зэрэгцээ комик зургийг төрлийх нь хувьд судалжээ. Отгогийн комикт  дахь Чингис хааны дүрслэлийг харьцуулан үзэх үүднээс Белгийн уран бүтээлч Грифо, Францын Патрик Цотх нарын 1997 онд хэвлүүлсэн гурамсан комикыг судалгааны үндсэн жишээ болгон авч ашиглав.


--------------------------------------------------------------
Др. Матиас Рихтэр (Dr. Mathias Richter)
Quelle: Märkische Allgemeine - Zeitung am Montag, den 21.Juli 2014
Märkische Allgemeine“ Сонин, 2014.07.21

(Герман хэлнээс Монгол хэл рүү орчуулсан Д.Гэрэлтуяа.)

ХҮМҮҮН ДҮРСТ ӨНГӨТ ХИВС

Барутын Гласхүйттэ музей (Das Museum Baruther Glashütte) Монголын уран бүтээлч Э.Отгонбаярын бүтээлийг толилуулж байна.
 
Барут - Зөвхөн бүтээлийн хэмжээ нь гэхэд л сэтгэл хөдөлгөм сүрдэм том. Энэхүү уран зураг нь зургаан метр хагасын урттай, хоёр метр гаруй өндөртэй. Ажиглах алхам бүрт пиксель мэт бяцхан дүрсүүд амилан хөдлөн тодорно. Нийт гадаргуу болон контур нарийнаар хүрээлэгдсэн дүрсүүд урагш хойшоо түрэгдэн тодрон гарч илэрхийлэгдэхэд бусад хэсэг нь үндсэн сууриндаа зохицон үлдэнэ. Бүтээлийн бодит дүрслэл нь бүүр ойртон ажиглавал тодорхой харагдана: Чухамдаа ХҮН, ХҮН, ХҮН. Хүмүүсийн дундуур заримдаа эмх замбараагүй холилдсон төрөл бүрийн амьтад акрилаар зотон даавуун суурин дээр гайхалтай нарийн ажиллагаатай зурагджээ.
 
Mонголын миниатур зураач Эршүүгийн Отгонбаярын (товчилсон нэр нь Отго) ХҮН нэртэй тус бүтээл нь энэ долоо хоногийн сүүлээр Барутын Гласхүйттэ музейд нээгдсэн ХҮН хэмээх үзэсгэлэнд тавигдан толилуулагдаж байна. ХҮН сэдэв нь Отгоогийн уран бүтээлд онцгой байр суурь эзэлдэг. Нарийн үечлэлтэй нямбай зурагдсан тэдгээр хүмүүс асар том талбай, орон зайд аялах мэт. Нарийвчлан харахад бараг л томруулдаг шил хэрэг болмooр.

Cансар огторгуйтай харьцуулахад хүн гэгч өчүүхэн эс хэдий ч үй түмээрээ дэлхий ертөнцийн хамаг зайг бөглөн эзэгнэж бусад биетэнд оршин амьдрах орон зайг үл орхимой. Энэхүү том уян хатан хуйлдаг (Rollbild) зураг дээрх түм түмэн хүний дунд амьтад тэмцэн дэвсгэр өнгөнд гээгдэн уусч замхрах мэт. Xомо сапиенс нь нүцгэн дүрслэгдсэнээр байгалийн хүчний эсрэг эмзэг өртөмтгий байдлыг илтгэсэн байна. Ялангуяа аливаад хүмүүний эмх замбараагүй бие махбодийн үймээн дунд бие биенээ хайрлах, маргалдан үзэн ядаx, тулалдан тэмцэx, хүлээн зөвшөөрөх зэрэг амьдралын бүхий л үйл явц дүрслэгджээ. Отгоогийн ажлуудаас соёл иргэншлийн шүүмжтэй асуудлуудыг зарим талаар үйлдвэрлэлийн өмнөх үеийн нийгмийн ертөнцөд оршин байсан өнцгөөс ч тодорхой харж болно.

Есөн жил гаруй хугацаанд Берлинд амьдарч буй уран бүтээлч маань Барутын үзэсгэлэнд энэ бүтээлээс гадна сүүлд туурвисан дөрвөлсөн бүтээлээ дэлгэн танилцуулж байна. Бараан гүн суурин дээр xурц тод неон контураар дүрсэлсэн хүн ба амьтдын нарийн чимхлүүр дүрсүүд амилан тодорно.

Хэдийгээр гадаргуун бүтэц зохиомжийн өнгө нь орчин үеийн шийдэлтэй ч уламжлалт хивсний хийцийг санагдуулам. Учир нь 1981 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрж өссөн уран бүтээлчийн маань урлагийн хөгжлийн замнал нь уламжлал дээр үндэслэгдсэнд оршино. Тэрээр өөрийн уран бүтээлийн гараагаа төрсөн эх нутагтаа сонгодог миниатур зураг болох буддын шашны бурхадын жижиг дүрслэлийг диа хэмжээнд даавуун дээр харааны туслах хэрэгслэлгүйгээр зурснаар эхэлжээ. Хамгийн сүүлд бурханы мэлмийг нээснээр уламжлалт заншлын дагуу бурханы бүтээл амилдаг. Отгоо энэхүү зургийн техникийг шашинлаг талаас салган орчин үеийн урлаг болох сэтгэл хөдөлгөм бүтээлүүддээ хослуулан ашигладаг. Барутад түүний 90 оны сүүлээр бүтээсэн гурван миниатур зургууд үзэсгэлэнгийн жижиг өрөөний гадна хананд өлгөгдөн тавигдсан байгаа. Дотор талд нь уран бүтээлчийн маш онцгой ажил шилэн хоргонд толилуулагдсан нь зөвхөн 30 см x 20 см хэмжээтэй даавуун дээр шороон будгаар зурсан Камасутра буюу 1200 хүнийг дүрсэлсэн эротик сэдэвт бүтээл юм.

Сониуч үзэгч та томруулдаг шилээр энэ бүтээлийн дотоод ертөнцийг өөртөө нарийвчлан нээн харах боломжтой.
 
Märkische Allgemeine“ Сонин, 2014.07.21
Барутын Гласхуйттэ музей (Das Museum Baruther Glashütte)
Үзэсгэлэн 2014.07.19-2014.08.31-г хүртэл




--------------------------------------------------------------
-
AVINTH FILM BERLIN ҮЗҮҮЛЖ БАЙНА ТОБИАС ВУЛФ-Н КИНО 'ЗУРАГ'-
ZURAG Movie by Tobias Wulff
--------------------------------------------------------------

Др. Мартин Статер (Dr. Martin Stather)
Маннхайм хотын урлагийн холбооны захирал

(Герман хэлнээс Монгол хэл рүү орчуулсан Д.Гэрэлтуяа.)

Э. Отгонбаярын Петер Циммэрман (Gallery Peter Zimmermann) галерейд гаргасан үзэсгэлэнгийн нээлт, 2014.3.28


Монголын тухай ойлголт мэдлэг бидний хувьд төсөөлөн байгаагүй ертөнц юм. Германаас 4,5 дахин том хавтгай дөрвөлжин газар нутагт ердөө л 3,18 сая хүн оршин суудгийн дөч орчим хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг, харин үлдсэн нь хаана суудгийг дурдах нь илүү бизээ. Эмэхүү тэнгэрлэг хязгаар нутагт Монгол орон дэлхийн улс төрд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэж анхаарлын төвд оршдоггүй ч улам сонирхлын төвд байх ёстой мэт. Монголын түүх арвин юм: Чингис хааны үед хүн төрөлхтний түүхэнд хамгийн том газар нутаг харьяалал бүхий эзэмшилтэй байжээ.

Шинэ үе болох 1600 оноос Монгол улс Энэтхэг-Төвдийн уламжлалт буддын шашныг түшсэнээр буддын урлагийн төв болжээ. Энэ сэдвийг хөндсөнөөрөө Отгогийн уран бүтээлд анхаарлаа хандуулъя. Монголын буддын урлагийн онцгой чанар нь Танка (Thangka) буюу бурханы зурагт орших ба бусад буддын шашинтай орны урлагтай харьцуулахад сүм хийдийн ханын чимэглэл болон хуйлмал зурагнуудад амьтдын дүрслэл оруулж ирсэн байдаг.

Зураач Отго нь Монголын орчин үеийн урлагийн хамгийн чухал төлөөлөгчдийн нэг юм. Түүний ажлууд нь шинэлэг, хөнгөн, дахин давтагдашгүйгээрээ сэтгэл татдаг. Хүн амьтдын бяцхан дүрсүүд тойрон бүжих нь түүний голдуу зонхилох том хэмжээт бүтээлүүдийг тэр чигээр хучих мэт.
Харийн соёл урлагийг уламжлал түүхийн онцлогийг нь сайн мэдэхгүйгээр дүгнэн хэлэхэд бэрхтэй байдаг. Бид өөрийн нүд соёлд захирагдан, тогтсон арга барилаараа л хардаг болохоор зарим нэг зүйлийг анзаарахгүй эсвэл өөрөөр хүлэн авах нь бий. Жишээлбэл христийн соёлыг огт мэддэггүй хүн Ариун Гэгээнтний гэр бүлийн зургийг хараад энгийн хүмүүсийн л зураг байна гэж ойлгоно. Бид аль аль талаасаа ийм хязгаарлагдмал төсөөлөлтэй урлагт ханддагаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Отгогийн зургийн суурийг эхлээд энгийнээр хэлвэл хоёр давхаргаас бүрддэг. Би "энгийнээр" гэж хэлсэн учир нь зургийн давхарга нь олон төрлийн үечлэлээс үүсч, өнгөнөөс гарах дүрсүүд нарийн контор зураасаар хүрээлэгдсэнээр үндсэн сууринаасаа тодрон ялгардаг аж. Ихэвчлэн зөвхөн хоёр ба гурван төрлийн үндсэн өнгөнөөс үүссэн олон төрлийн тон сүүдрүүд байх аж. Энэ байдал нь өнгөц харахад нэг өнгөөр зурагдсан зураг буюу Монохром (Monochrome) мэт андуурмаар сэтгэгдэл төрүүлдэг ч урсах мэт өнгөний уусалтууд тодорхой дүрслэлийн амьд хөдөлгөөнийг авчирна. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс диваажинд байгаа мэт эхээс төрсөн биеэрээ дүрслэгдсэнээр цаг хугацааны хувьд ямар нэгэн үе Эпохе-д (Epoche) хамаарагдахгүйн зэрэгцээ олон төрлийн амьтдын ертөнцийг хамтад нь үзүүлжээ. Ихэвчлэн морьдын дүрслэл байх авч галуу, хөх дэглий, хотон, загас жараахай, чонон сүрэг, буга гэх мэтчилэн үргэлжилнэ. Өнгөний уусалтаас ихэвчлэн бүжиглэж буй мэт хүн болон амьтдын хөдөлгөөн тодрон гарч ирсэн нь хүн байгалийн хүйн холбоог харуулж үзэгчийг гүн татна. Нэг нэгэндээ шингэж орсон хоёр буюу гурван тод өнгөний гэрэлтэй тоноос бүрдэх улаан/шар, зүсмэн ягаан/шар, ногоон/цэнхэр, мөн ногоон/ягаан өнгөнүүд тоглоно. Үүнээс үүдэн үзэсгэлэнг "Цэнхэр Улаан" гэж нэрлэсэн байна.
 
Отгогийн өмнөх ажлуудад хүн/амьтан дүрслэл дээр навч цэцэгсцэцэгсийн дүрслэлүүд нь хээ хуарын шинжийг агуулан зургийн ерөнхий донжийг төгөлдөржүүлсэн байдаг. Зотон даавуун дээр бараг л нэвтрэхийн аргагүй ширэнгэн сүлжмэл дүрслэлүүд нь зургийн элементийг нягт шинжлэхийг хүлээх мэт. Харагдаж, нээгдэж буй бүхэн нүдээр үзэхэд гайхшруулмаар, алхам бүрт шинэ үзэгдэл рүү хөтлөнө.

Отго зургаар суралцсаны дараа удаан хугацаанд бие даан уламжлалт миниатур зургийн техник угсаатан зүй судалсны үр дүнд өвөрмөц бөгөөд өөрийн гэсэн орчин цагийн шилжилтийг уран бүтээлдээ нээж нэвтрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл уламжлалыг орчин үеийн хэллэг рүү оруулснаараа онцлог юм.

Бясалгал байдлаар бүтээдэг бурханы зураг, тэр дундаа нэг үйлдлээр буюу эхэлснээр зогсолтгүй зурсаар дуусгадаг зарим бурханы зургийг уран бүтээлч тодорхойлон хэлэхдээ: "Бурханы зургийг гараараа бус бясалгаж буй мэт сэтгэл оюунаараа бүтээдэг. Энэ үед яг л бясалгал хийж байгаа мэт шинэ эрч хүч, энерг ирдэг. " гэжээ. Оюунаас үүсч байгаа гарын урсгал, үргэлжийн мөнхийн хөдөлгөөнд орших амьдралын мөн чанарыг илэрхийлж, материаллаг ертөнцөөс өөрийгөө чөлөөлж, оюунлаг ертөнцийн замруу ордог аж.

2005 оноос Берлинд амьдарч буй энэхүү монгол уран бүтээлчийн ажлууд нь дэлхийн олон төрлийн соёлыг хамааруулан өөртөө шингээж чадсанаараа дэлхийн урлагт тооцогдоно. Тэрбээр зөвхөн түүний төрсөн нутаг монголын урлагийг өнөө цаг руу тууштай хөтлөөд зогсоогүй, даяарчлалын шинэ үед өөрийн ард түмнийхээ соёлын элч болон, нутгийн уламжлалаа гээлгүйгээр олон улсын хэмжээнд сэтгэсэн байна. Нарийн мэдрэмжээр өрнө дорнын урлагийн уламжлал дундаас бүтсэн түүний уран бүтээл даяарчлалын өнөөө үед хүрэлцэн иржээ.



--------------------------------------------------------------
ӨДРИЙН ШУУДАН
2012.08.14
Монголын уран зургийг дэлхий дахинд таниулж буй залуу зураач бол Э.Отгонбаяр юм. Тэрбээр ХБНГУ-д амьдран, уран бүтээлээ туурвидаг төдийгүй Берлин хотод өөрийн “Зураг” хэмээх уран зургийн галлерейг ажиллуулдаг ажээ. Анх удаа Монголдоо "ОТГО" арт хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнг “Цагаан дариум” арт галлерейд  нээгээд байгаа түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Та “ОТГО” арт үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-Үзэсгэлэн маань Зайсангийн хажууд байдаг “Цагаан дариум” арт галлерейд дэлгэгдлээ. Нийтдээ 20 гаруй бүтээл тавигдсан байгаа.

-“Хүн” гэдэг бүтээл тань их сонирхол татсан. Та энэ санаагаа яаж олсон бэ?
-Нэрэнд нь гол учир бий. Бидний  амьдарч байгаа нийгэмд хүн болгон бүх­нийг чадах мэт өөрсдийгөө бодож байдаг. Үнэн хэрэгтээ  байгалийг хэзээ ч захирч чадахгүй. Хүний хийсэн үйлдлээс болж байгаль дэлхий сүйрч, тогтвортой байдал алдагдаж, гамшиг, галт түймэр, цөлжилт явагдаж байна. Энэ болгоны хариуцлагыг хүн хүлээнэ. Ийм утгаар бүтээлээ “хүн” гэж нэрлэсэн юм. Бүтээлд 11 мянган хүнийг  “Бичил хүн”-ээр сэтгэж зурсан. Санаа нь хүн болгон адилгүй, өөр өөр ааш араншин, өнгө төрхтэй байдгийг харуулсан. Тиймдээ ч 11 мянган хүний ааш араншин, өнгө төрхийг гаргах гэж их хичээсэн. Зургийг хүмүүс харахдаа олон өнгөний зохицол мэт ойлгоно. Ойртоод харах тусмаа олон төрлийн байрлалтай хүн гэдгийг мэднэ. Голоор нь амьтад зурсан байгаа биз.

-“Хүн” бүтээлээ хэр удаан зурсан бэ?
-“Хүн” зураг маань хоёр жилийн дотор бүтсэн. Анх зурж эхлэх үедээ тооцоолоход таван жил зурна гэж бодож байсан. Гэтэл зурж эхэлсэн даруйд зураг маань яг л соронз шиг татаад би өөрөө ч гэр бүлээ золиосолж уйгагүй зурсан. Золиосолсон гэдэг нь хоёр нялх хүүхэдтэй байсан болохоор аавын ажил маш их байдаг учраас түүнийгээ эхнэртээ даатган зургандаа хамаг анхаарлаа хандуулсан. Үүнд бол ганц талархах зүйл маань ерөөсөө эхнэр маань.

-Хэзээнээс уран зураг сонирхох болов?
-Яг хэзээ гэдгээ мэдэхгүй. Анх харандаа дэвтэр барьж сурсан үеэс байх. Харин мэргэжлийн тал руугаа зорилго болгож орсон нь 15 настайдаа зургийн дугуйланд явж, багштай болоод илүү мэргэжлийн түвшин рүү хичээж, сонирхох болсон доо.

-Герман улсад нээсэн “Зураг” галлерейнхаа талаар ярихгүй юу. Монголчууд хэр их сонирхож очив. Гадаадын иргэд яаж хүлээж авав?
-“Зураг” галлерейг монгол хүн нээсэн боловч, дэлхийн урлагийн галлерей гэж хэлж болно. Хүмүүс буруу ойлгоод байдаг юм. Монгол хүн галлерей нээсэн болохоор монгол галлерей л гэж ойлгодог. Ерөнхийдөө миний гол зорилго жилд арван үзэсгэлэн нээлээ гэхэд хоёрыг нь монгол зургийн үзэсгэлэн болгож байя гэж бодсон. Нөгөө найман үзэсгэлэн нь янз бүрийн үндэстний үзэсгэлэн байж болно. Хэдийгээр нээгдээд  хоёр жил болж байгаа ч гэсэн 20 орчим үзэсгэлэн, 50 орчим урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдсан.

-Бие даасан үзэсгэлэнгээ хэдэн удаа дэлгэж байсан бэ. Олон орны үзэсгэлэнд оролцож байсан юм билээ?
-Энэ удаагийн “ОТГО” арт үзэсгэлэн нь бие даасан 28 дахь нь. Гадны орны үзэсгэлэнд 60-70 удаа оролцсон. Монголдоо анх удаагийнх нь.

-Та Германд, урлагийн их сургуульд урлагийн менежментийн чиглэлээр суралцаж байсан юм билээ. Энэ талаараа сонирхуулах­гүй юу?
-Сургуулиа 2010 онд төгсөөд тэр эрчээрээ галлерейгаа байгуулж байсан. Урлагийн менежментийг урлаг судлахгүйгээр ойлгох аргагүй. Угаасаа урлаг судлал бол урлагийн менежментийн дор хаяж 60 хувийг авч явдаг. Миний мастерийн ажлын сэдэв маань урлаг судлал байсан. Миний сурсан чиглэл их сонирхолтой. Ерөнхийдөө яаж үзэсгэлэн зохион байгуулах вэ. Тэр дундаа ганцаарчилсан, хамтарсан гэх мэтчилэн арга техник, онолын талаас нь гурван жил судалсан. 

-Урлагийн  менежмен­тийн чиглэлээр суралцаж байсан. Тэгэхээр монголд сүүлийн жилүүдэд маш олон үзэсгэлэн үүдээ нээдэг боллоо. Мөн залуу уран бүтээлчид ихээр бий болсон. Энэ тал дээр та мэргэжлийн үүднээс юу гэж бодож байна вэ?
-Монголд олон галлерей бий болсон байна лээ. Монгол, европын галлерей бүтэц зохион байгуулалтын хувьд өөр. Монголд бүтээлээ дэлгэхийн тулд уран бүтээлч бүх юмаа өөрөө хийдэг. Зургаа байршуулах, мэдээлэл түгээх, урилга хийх зэргээс эхлээд бүх зүйлийг бие даан хариуцна. Германд үзэсгэлэн гаргах эрх авсан л бол монголчуудын хэлдэгээр “од” гэсэн үг. Тэр хүн юу ч хийхгүй зөвхөн зургаа л зурна. Бусдыг нь хариуцан ажиллах хүмүүс бий. Үзэсгэлэнгийнхээ нээлтэд 15 минут хоцорч ирэхэд зочид хүлээж байдаг. Нээлтэд ч бараг үг хэлдэггүй. Урлаг судлаачид ирж үг хэлнэ, тэгээд л болоо. Хэрэв зураач үг хэлэх юм бол талархлын үг хэлээд л болдог.

-Тэгвэл гадаад орны урлагийн менежмент, монгол хоёрын хооронд их зааг ялгаа байдаг уу?
-Монгол хөгжиж байна. Хамгийн гол бүтцийнх нь ганц өөрчлөлт болохоор Монголд үзэсгэлэн гаргахын тулд төлбөр төлөх шаардлагатай болдог юм байна. Герман гэхэд л галлерейны эзэн  бүх зардлыг нь хариуцдаг. Мөн эрсдэлийг өөрсдөө үүрч, бүтээл нь зарагдсан тохиолдолд түүнийг авч гэрээний дагуу хэн хэндээ олгодог. Иймэрхүү асуудлаас болж зааг гарч байна. Уран бүтээлч санхүүгийн асуудалд оролцдоггүй. Зөвхөн зураг л зурах үүрэгтэй.  Харин манайд зурахаас гадна бүх менежментээ өөрөө хийдэг. Энэ нь бүтээл туурвих цаг хугацаанаас хумсалдаг.

 -Ойрын зорилго тань юу вэ?
-Европын холбоотой сүлжээ харилцаа сайн тогтооё гэж бодож байгаа. Ирээдүйн зорилго бол Америк тив, Австрали тивтэй холболт хийх төлөвлөгөөтэй байна. Азиас ирсэн хүн чинь ганцхан европ гээд баймааргүй байна. Нилээн том сүлжээтэй болно.

-Та “Монголын нууц товчоо”-г зурагжуулсан гэсэн тэр талаараа ярихгүй юу?
-Тийм ээ. Түүнийг анх 1998 оноос хойш нухаж байгаа. Тайлбарлахдаа комик ном гэж хэлдэг. “Монголын нууц товчоон”-д орсон нэг өгүүлбэр бүрийг зурагжуулж байгаа. Зарим нэг өгүүлбэр хоёр зураг болох тохиолдол ч байна. Одоогоор 3000 мянган зураг болсон. Ерөнхийдөө бараг бэлэн болж байгаа. Янзлах, засвар хийх ажил их гарч байгаа. Одоо бараг арван хэдэн жил ажиллаж байна даа. Нэгэнтээ л удаан оролдсон юм чинь ул суурьтайхан шиг юм хийе гэж бодоод байлгаад байгаа.

-Та ямар нэг сэдэвт баригддаг уу?
-Миний нэг азтай тал ч юм уу, одоо юу зурах вэ гэж хэзээ ч бодож үзээгүй. Тийм түүх ч байхгүй. Нэг зураг зурж байхад дараагийн зурагны санаа ороод ирчихдэг. Одоо гэхэд л германд 25 гаруй зураг эхлүүлсэн байгаа. Жаахан туйлбаргүй байж магадгүй л дээ. Яг шинэ санаа төрсөн даруйдаа эхлэхгүй бол мартагдана. Найрагчид онгод орно гэдэг шүү дээ тэрэн шиг л бас онгод ордог. /инээв/

-Та олон шагнал авч байв уу?
-Шагнал гэдэг маань манайхан шиг энгэр цоолон медаль зүүх гэсэн утга биш. Барууны оронд бол хийж буй үйлдэл, хэлж буй үг нь л надад шагнал болдог. Миний үзэсгэлэнг үзэх гэж хоёр өдөр галт тэргэнд сууж ирж байгаа герман иргэнийг хараад маш их урам орсон. Энэ хүн өөр юу ч биш зөвхөн миний үзэсгэлэнг үзэх гэж ирж байгаад нь баярласан. Мөн гарын үсэг авах гэж зорьж ирдэг хүмүүс ч бий. Мөн германд сургууль төгссөн манай ангийн гурван оюутан миний гарын үсгийг ирж авч байсан. Бас нэг сонирхолтой юм нь Монгол Улсын Ерөн­хийлөгч, Германы шинэ ерөнхийлөг­чийн айлч­лалаар очиход хамгийн том хүлээн авалт хийсний дараа намайг хэвлэлээр, урлаг, улс төрийн 130 том одын нэг гэж бичсэн байсан.  Энэ мэтчилэн биет бус зүйлээс их шагнал авдаг.

Ч.СУВДАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин




--------------------------------------------------------------
ӨДРИЙН СОНИН
2012.08.11
Нүүдэллэж яваа зураач

Энэ удаагийн өдрийн зочноор Э.Отгонбаярыг урилаа. Тэрээр Монголоос анх удаа гадаадад байнгын ажиллагаатай галерей ажиллуулж байгаа нэгэн юм. Тод­руулбал, Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс "Зураг" нэртэй уран зургийн гале­рей эрхэлжээ. Галерейдаа зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Жилд арван үзэсгэлэн толилууллаа гэхэд хоёр нь монгол уран бүтээлчийнх байдаг гэнэ.

Түүний эцэг, эх нь хэвлэлийн үйлдвэрт насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан хүмүүс байжээ. Гэр бүлд нь урлагийн хүн байгаагүй бөгөөд багадаа "Би морь зурах шуналтай" гэж ярьдаг байсан тэ­рээр хэзээнээс уран зурагт дур­лас­наа мэддэггүй гэнэ.  Э.Отгонбаяр эх орондоо 1998 онд Монгол зур­гийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Тэгээд Монгол зураг болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байгаад 2005 онд Бер­лин хотод Герман улсын их сур­гуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр гурван жил суралцаж магистрийн зэрэгтэй төгссөн аж.

Арваад жил Герман Улсад амьд­рах хугацаандаа Европын хол­бооны улсуудын томоохон хо­туу­дад 27 удаа үзэсгэлэн гаргасан гэнэ. Тэр нь амжилттай болсонд урамшин өөрийн галерейгаа бай­гуулжээ. Галерей нь тус бүр 100 метр квадрат талбай бүхий хоёр давхар гэнэ. Галерейнх нь нэг давхарт өөрийнх нь уран бү­тээ­лүүд байнга гардаг. Харин нөгөө давхартаа уран зургийн үзэсгэлэн, хүлээн авалт, илтгэл, концерт зохион байгуулдаг аж. Хоёр жилийн хугацаанд 70 орчим арга хэмжээ зохиосон гэнэ. Энэ ту­хай­гаа "Ямар ч арга хэмжээ зохиосон надад ашигтай. Хүн ирж л байвал зургийг минь хүмүүс үзэж байна шүү дээ" гэх.

Тэрээр "Миний хийсэн ажил бүрийн ард Монгол гэсэн нэр гарч байдаг. Эх орондоо ааваараа овоглоод гадаадад явахдаа эх орноороо овоглодог гэдэг үнэн юм билээ" гэж хуучиллаа. Берлинд хүмүүс галерейгаа дандаа өөрс­дийн нэрээр нэрлэсэн байдаг гэнэ. Харин Э.Отгонбаяр галерейгаа яагаад "Зураг" гэж нэрлэсэн тухайг нь сонирхоход "Англи, Герман хэлэнд хар зураг, фото зураг, уран зураг зэрэг үгийг огт өөр өөр үгээр илэрхийлдэг. Харин Монгол хэлэнд зураг гэсэн үндсэн үг хэвээрээ яваад байдаг. Тиймээс орчуулж болдоггүй энэ үгийг Герман хэ­лэнд бэлэглэхээр шийдсэн" гэв.

Зочин маань сүүлийн долоон жилийн турш эх орондоо ирээгүй байгаад ирсэн аж. Тэрээр Монголд хоол хүнсний үнэ болон Улаанбаатар хотод гурван өрөө байр авах нь Берлин­тэй ижил үнэтэй болсон хэрнээ хүмүүсийнх нь цалин олигтой нэ­мэг­дээгүй байгааг гайхаж сууна лээ.

Түүний энэ удаа ирсэн шалт­гаан нь Монголдоо үзэсгэлэн гаргах мөн Берлинд төрсөн хоёр хүүх­дэдээ эх орныг нь үзүүлэх аж. Түүний "ОТГО арт" үзэсгэлэн "Ца­гаан дариум" галерейд гарч буй. Тэрээр охиноо Номин, хүүгээ Та­нан гэж нэрлэжээ. Эхнэр Гэрэл­туяа­тайгаа монголд байхаасаа үерхэж эхэлсэн байна. Одоо эхнэр нь Берлинд эдийн засагч мэргэж­лээр сурдаг аж. "Урлагийн хүмүү­сийн ажил нь сайхан боловч мөн­гөний төлөө яваад байж болдоггүй өөрийгөө золиослодог мэргэжил юм. Тиймээс эхнэрээ өөр мэргэ­жилтэйд баярлаж явдаг" гэсэн юм.

Тэрээр өөрийгөө Германд амь­дарч байгаа нь ердөө л нүүдэл гэж тайлбарлаад тодорхой мэдлэг, хөрөнгөтэй болсон гэж үзэхээрээ монголдоо ирж урлаг судлалын багшаар ажиллана гэж боддог тухайгаа ярив. Мөн "Манайхан үзэсгэлэн, галерей хоёрыг нэг юм гэж ойлгоод байна. Үзэсгэлэнг танхимд эсвэл хаа нэгтээ гаргаж болдог зүйл бол галерей өөрийн гэсэн бодлоготой, даргатай газар байдаг" гэв. Тэрээр цааш нь "Гадаа­дын оронд уран бүтээлч супер од шиг л байдаг. Галерей нь уран бүтээлчээ сонгож, зургийг нь зөө­вөрлөх, байрлуулах бүх л үйл­чилгээ үзүүлж, зургийг нь үнэлдэг. Мөн Германы галерейд хүн хун­дага хагаллаа гэхэд галерейн эзэн нь очиж та бэртсэн үү гээд өөрөө үйлчилдэг. Гэтэл манайд нэг хун­дага санамсаргүй хагалбал 15 мянган төгрөгөөр торгоно гэж байх юм" гэж ярив.

Э.Отгонбаяр уран бүтээлдээ гол төлөв хүн, морь хоёрыг тус­гадаг бөгөөд "Хүн" хэмээх нэгэн бүтээлд нь хүн, амьтны 11000 дүрс дүрслэгдсэн байдаг аж. Энэ зургийг хоёр жил зурсан бөгөөд долоо хоног бүрт нэг бүтэн өдөр суудаг байсан гэнэ. Тэрээр "Би өдөрт 12-15 цаг тасралтгүй зурж суухдаа ус ууж, хоол иддэггүй. Тэгэхээр ариун цэврийн өрөө орох шаардлагагүй болдог. Ингэж ажиллахдаа өөрөө ч мэдэлгүй бясалгалын байдалд ордог болохоор огт ядардаггүй" гэж өгүүлж байлаа.

Ж.БАЯРСАЙХАН
Эх сурвалж: "
ӨДРИЙН СОНИН" сонин



--------------------------------------------------------------
Үндэсний Мэдээ
2012.01.21
Нийтлэсэн: Б.Отгонбаяр (Үндэсний Мэдээ Сониний сэтгүүлч)
Хошин урлагийн мастер Э.Раушинбах: Бүсгүй хүнээс илүү сонирхолтой юм гэж үгүй шүү дээ

Сүүлийн хориод жилд монголчуудын хөл хүрээгүй газар гэж дэлхийд бараг үгүй болсон болов уу. Циркийн уран бүтээлчид Америкийн бүх муж, хотуудыг гүйцээсэн байх. Сав л хийвэл дайтаж байдаг Израйлийн өнөөх алдарт Газын зурваст хүртэл монгол залуу хүрч очсон байлаа. Ер нь уран бүтээлчид маань хилийн чанадад оюуны чадвараа жинхэнэ гайхуулж байгаа. Саяхан Facebook-ээр нэгэн залуутай танилцлаа. Түүнийг Э.Отгонбаяр гэдэг. Тэрбээр Германы Берлин хотод уран зургийн “ZURAG” галерейгаа нээн ажиллуулж байгаа ажээ.

Э.Отгонбаярын зургууд нэлээд өвөрмөц. “Монголын нууц товчоо”-ны түүхэн баримт, үйл явдлуудыг судлан, түүгээрээ комекс ном бүтээж буй. Өнгөрсөн онд Германы телевизээр бүтээл туурвилынх нь тухай “ZURAG” баримтат кино гарч, урлагт дуртай германчуудыг бишрүүлсэн байна. Уг баримтат киног дараа нь манай Үндэсний телевизийн уран бүтээлчид эх орон даяар цацсан нь бүр ч онцгой явдал болов. Э.Отгонбаяртай интернетээр харилцаж, манай сонинд ярилцлага өгөхийг хүсэхэд “Энэ удаа би Германд төдийгүй дэлхийд нэр цуутай том зураачийн талаар бяцхан нийтлэл явуулмаар байна” гэсэн юм. Түүний бичсэнийг бүрэн эхээр нь танд хүргэе. Тэр ингэж өгүүлжээ.

Хэдэн жилийн өмнө Герман улсад суралцах хүсэлдээ автан хэлийг нь сурах гэж хичээж явах үедээ би германчуудын соёл урлагийг ихэд шимтэн сонирхож билээ. Ингээд эртний алдарт уран бүтээлч Албреxт Дюрер (Albrecht Dürer 1471-1528), Лукас Кранахын (Lucas Cranach 1475-1553) уран бүтээлийн хамт шог зураач, зураасан зургийн мастер Эрих Раушинбахын (Erich Rauschenbach) номуудыг өмнөө зэрэгцүүлэн тавиад үздэг болсон юм. Уран зургийг ойлгоход гадаад хэлний өндөр мэдлэг бараг шаардлагагүй л дээ. Раушинбаxын хошин зургийн учрыг ойлгох, үгийг нь уншилгүйгээр түүний илэрхийлэх гэсэн санааг нь олох гэж оролддог байлаа.

Шог зургийн тайлбар үгийг нь ойлгохгүйгээр инээдтэй утгыг олж мэднэ гэдэг бол дууг нь сонсохгүйгээр кино үзэхтэй л адил юм. Дараа нь би Берлинд ирээд түүнтэй өөрийн биеэр уулзсандаа ихэд олзуурхаж явна. Гэр урланд нь зочилж, хамт кофе ууж суухдаа энгийн атлаа бахархмаар ихийг амжуулсан, бусдыг нэвт ажигласан энэ эрхэмтэй урлаг уран бүтээлийн талаар анх ярилцахдаа хэзээ нэгэн цагт үзэсгэлэнг нь зохион байгуулна гэж үнэндээ төсөөлж ч байсангүй. Раушинбаxын шог зургийн бие даасан 60 гаруй ном хэвлэгджээ. Эдгээр нь дэлхийн олон оронд, тухайлбал, Герман, Голланд, Дани, Турк зэрэг оронд хоёр сая илүүтэй борлогдсон байх юм.

Мөн олон арван ном, сэтгүүл, сонинд түүний шог зургууд нийтлэгдсэн байна. Жишээлэхэд, зохиолч Экарт фон Хиршхаусены (Eckart von Hirschhausen) нэгэн бүтээлд 25 шог зураг нь орсон бөгөөд тэр ном гурван сая гаруй хувиар зарагдсан байлаа. “Хошин урлагийн мастер” хэмээн нэрлэгдэх болсон энэ уран бүтээлчийн “Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат” (Vollkommen fix und Vierzig) ном нэг сая гаруй хувиар борлогдсон нь хошин зургийн номд ховорхон үзүүлэлт гэлтэй. Раушинбаxын уран бүтээлийн чухал сэдвийн нэг нь эмэгтэйчүүд юм. Эмэгтэй хүнийг энэ ертөнцийн хамгийн сонирхолтой сэдвийн нэг хэмээн тодорхойлсон тэрбээр хэлэхдээ “Бүсгүй хүнээс илүү сонирхолтой юм гэж үгүй шүү дээ” гэсэн байдаг. Сүүлийн үеийн бүтээлүүдэд нь XIX-XX зууны үеийн уран зургийн стиль нэвт шингэсэн ч мөн л өөрийн тод мөрийг харуулах өнөөх марзаганал нь хаанаас ч ажигласан Раушинбахынх гэж танигдана. Манай монгол зургийн урлагт өөрийн гэсэн хошин зургийн уламжлал бий. Үүний тодорхой жишээ гэвэл “Марзан” хочит Балдуугийн Шаравын (1869-1939 он) “Монголын нэг өдөр” зураг юм. Хэдийгээр сонгодог шог хошин зурганд тайлбар үг нь тэрхүү бүтээлийнхээ 50 хувийг илэрхийлдэг бол Б.Шаравын бүтээлүүдийг үггүйгээр уншиж болдог онцлогтой. Голландын алдарт уран бүтээлч Питер Брюгэлийн (Pieter Bruegel 1525-1569) бүтээлүүдийг “Марзан” Б.Шаравын бүтээлүүдтэй харьцуулж болох юм. Харин Раушинбахын бүтээлийг манай шог зургийн гол төлөөлөгчийн нэг, гавьяат зураач Самандарын Цогтбаярын бүтээлүүдтэй харьцуулан авч үзвэл илүү сонирхолтой байж мэднэ. Сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй Европын орнуудад шог зургаар дагнаж уран бүтээлээ хийж байгаа хүмүүсийн тоо цөөрч буй. Үүний шалтгааныг олон хүчин зүйлээр тайлбарладаг. Тухайлбал, “комик” номын урлаг руу хошуурах залуу уран бүтээлчдийн тоо өссөнтэй хамааруулж үздэг.

Үүнээс үүдээд Раушинбахын уран бүтээлээр шинэ үзэсгэлэнг зохион байгуулах санаа анх надад төрсөн юм. Раушинбахын акрил, тосон будгаар эмэгтэйчүүдийн хөргийг өөрийн стилиэр зурсан шинэ бүтээлүүд болон өмнөх хошин зургуудын шилэгдмэл түүврээс бүрдсэн “Нууранд тусгалтай бүсгүйчүүд” (Frauen mit Seeblick) хэмээх егөөдлийн нэртэй үзэсгэлэн нь Берлин хотод орших Монголоос хамгийн анх хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй “ЗУРАГ” уран зургийн галерейд 2012 оны хоёр дугаар сарын 3-наас гуравдугаар сарын 2-нд зохиогдох гэж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтэнд Германы хамгийн анхны хошин зургийн профессор Ф.В.Бернштайн (F. W. Bernstein) илтгэл тавина.

Түүнчлэн энэ үеэр Раушинбахын “Ээж, эмэгтэй шүүгч...” (Mutti, Frau Richter & Co) нэртэй өөр бас нэгэн үзэсгэлэн Берлин хот дахь Мархайнке Марктхалле галерейд (Galerie der Marheinke Markthalle) болох гэж байгаа нь түүний урлагийн салбарт хэрхэн нэр хүнд, байр сууриа олсныг харуулж байна.

PS: Берлинээс Э.Отгонбаяр ийнхүү ярьсан юм. Хэр баргийн аавын хүү хаа холын Германд очоод уран зургийн галерей нээж ажиллуулна гэдэг амаргүй даваа. Гэвч Э.Отгонбаяр өөрийн авьяас, нөр их хөдөлмөрөөр “ZURAG” галерейгаа ажиллуулан судалгаа, урлангийн ажлаа амжуулсаар яваа аж. Түүний Facebook дээр “Нэгэн цагт дэлхийг туурайн төвөргөөнөөр цочирдуулж, Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ мөнхөд хоногшуулж чадсан Монгол хүмүүс одоо оюуны урлагаараа дахин довтлон гарч ирэх болтугай” гэсэн үг дурайж харагдана.

Берлин-Улаанбаатар 2012.01.21
Э.Отгонбаяр

Нийтлэсэн: Б.Отгонбаяр 
(Үндэсний Мэдээ Сониний сэтгүүлч)
Website: http://zindaa.mn/f8k




--------------------------------------------------------------

Гялбаа
Гялбаа сэтгүүл,  дугаар 68, 2010 оны 3 дугаар сар
П. Шүр-Эрдэнэ (Гялбаа сэтгүүлийн сэтгүүлч)
Э.Отгонбаяр: "Камасутра" зургандаа 1000 орчим хүнийг өөр өөр хөдөлгөөн, байрлалтайгаар зурсан. Нэг хос буюу хоёр хүнийг чигчий хурууны хумсны толион дээр багтахаар жижиг зурсан учраас эхлээд харахад зүгээр л хээ хуар шиг харагдах байх...

Интернэтээр аялж яваад нэгэн гайхалтай сайт руу санамсаргүй орчихлоо. www.mongolian-art.de хэмээх вэб хуудас нь зураач, урлаг судлаач Эршүүгийн Отгонбаярын интернэт дэх урлан аж. Тэрбээр Герман Улсын Урлагийн Их Суруульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахын зэрэгцээ Монголын урлагийг дэлхийд суртчилахад өөрийн хувь нэмрийг оруулж яваа юм. Отонбаярын уран бүтээл өөрийн гэсэн өнгө аястай, бусдынхаас нэг л өөр, хэн ч харсан өөрийн эрхгүй сэтгэл хөдөлмөөр, тийм л бүтээлүүд байсан. Ингээд, уран бүтээлийг нь үзэж, биширч сууснаа цахим шуудангаар түүнтэй холбогдохоор шулуудсан билээ. Бид доорхи яриаг өрнүүлснээ уншигчиддаа хүргэе.

- Герман улсад магистр хамгаалж байгаа гэсэн. Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
- Герман Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн "Art in Context" хэмээх институтд магистрт сураад төгсөх шатандаа явж байна. "Art in Context" гэдэгт урлагийн бүх чиглэл орохоос гадна, сурч байгаа хүн өөрийн сонирхсон чиглэлээ сонгож бие даан судалцдаг. Би урлаг судлал ба урлагийн менежментийн чиглэлээр сурч байна. Энэ институтд дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн урлагийн салбарын хүмүүс мэргэжил дээшлүүлэх гэж хоёр юмуу гурван жилийн хугацаатай ирсэн байдаг нь маш сонирхолтой уур амьсгалыг бүрдүүлдэг. (2010. 07. 15 нд сургуулиа төгсөв)

- Монголд урлаг судлал болон урлагийн менежментийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс цөөхөн байдаг болохоор та энэ мэргэжлийг сонгосон уу?
- Тиймээ, энэ чиглэлээр Монголд сурхад хэцүү шүү дээ, сурах материал ховор, олдвол ихэвчлэн гадаад хэл дээр байдаг. Герман хэл дээр урлаг судлалаас гадна бүх төрлийн шинжлэх ухааны номыг уншиж судлаж болно. Монгол улс агуу их түүх соёлтой, үүнийг хойч үе бид дэлхий нийтэд зөв сайхан талаас нь харж судлаж таниулах үүрэгтэй, энэ тал дээр судлагдаагүй үлдсэн маш олон чиглэлүүд байдаг.

- Та хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ? Анхны бүтээл дурсамж, түүх агуулж байдаг. Тэр үеэ эргэн санавал...?
- Хорь орчим жилийн өмнө, Урлан Бүтээх Төвийн сийлбэрийн дугуйланд орж байсан минь одоо ч тодхон санагдана, тэр үед дандаа л морь зурдаг байлаа. Монгол зураачид морь зурж, гараагаа эxэлдэг гэж хэлэхэд бараг болно доо.

- Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
- Байхгүй ээ, харин манай ах нар сайхан зурдаг, гарын ур дүйтэй хүмүүс байдаг.

- Таныг олон улсаар явж, уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд оролцсон, Монгол урлагийг дэлхийд багагүй сурталчилж яваа тухай вэб хуудаснаас тань олж мэдлээ...?
- Бие даасан болон, хамтарсан үзэсгэлнгүүдэд уригдаж оролцсон. Монголчууд бид Чингис хааныхаа тухай бахархан ярих дуртай байдаг. Харин зарим гадаадын хүмүүс энэ тал дээр өөр ойлголттой байдаг юм билээ. Тэд 13-р зууны үеийн Монголчуудыг алж хядаж сүйтгэхээс өөр явдал соёлгүй мунхаг бүдүүлэг гэсэн төсөөлөлтэй, тэр бодол нь бараг одоог хүртэл хэвээрэй, тэгээд Монгол зураач гэхээр, их сонин содон байдаг байж мэдэх юм. Нэгэн жишээ хэлбэл, 2007 онд Швед-д болсон үзэсгэлэн дээр минь өдөрт 100-200 хүн зочилж ирж байсан нь тэр үзэсгэлэнгийн танхимын галерейчийн гайхлы нь төрүүлэж байсан. Энэ үзэсгэлэн хотоос зайдуухан хүний хөдөлгөөн бага газар болсон.

- Та ямар ямар улсын үзэсгэлэнд оролцож байв?
- Одоогоор Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудын том жижиг хотуудад ойролцоогоор хорь гаруй үзэсгэлэнд оролцсон. Үүний арав орчим нь бие даасан үзэсгэлэн байсан.

- Дэлхийд алдартай уран бүтээлчидийн бүтээл маш их үнэлэгддэг. Харин Монголын уран бүтээлчидийн бүтээл дэлхийд үнэлэгдэх боломж хэр их гарч байна вэ?
- Манай уран бүтээлчид маш их чадвартай, бүтээлүүд нь өөрийн гэсэн хэв маяг, донж төрхтэй байдаг нь сайхан. Монголын урлагийг олон улсад таниулахын тулд сайн менежмент л дутагдаж байна.

- Та урлаг судлаач мэргэжлээр сурч байгаа болохоор мэдээж Монголынхоо урлагийг судлаж л байгаа байх. Энд хамгийн их сонирхол татаж байгаа нь юу байна?
- Би "Монгол Зураг" -г судлаж байгаа, энэ тал дээр судлах мэдэх нээгдэж мэдэгдээгүй олон зүйл байна. 1998 онд "Монгол Зураг" ангийг төгссөнөөс хойш зургаан жил гаруй бурхадын зураг зурж судалсан. Бурханыг шашны талаас нь биш уран зураг гэдэг талаас нь авч үзвэл, энэ зураг нарийн ажиллагаа ихтэй олон төрлийн техниктэй байдаг нь сонирхлыг минь их татдаг. Харин бурханы зургийг "Монгол Зураг" гэж шууд хэлж болохгүй. Учир нь энэ зураг буддын шашныг дагаж шинээр орж ирсэн, Төвдөөс гаралтайг хэн бүхэн мэднэ. Энэ урсгал манайд орж ирснээр Монгол зургийн хөгжилд том нөлөө авчирсан. Тэр цагаас хойш Монголд зураачийн мэргэжил гэгч ойлголт жинхэнэ утгаараа орж ирж, улмаар олон газар их бага сүм хийд болон гэрээр, сургалт, багш шавийн барилдлага бий болж бурханч лам уран бүтээлчид олноороо төрж байсан байна. Монголын бурхадын зураг нарийн ажиллагаа миниатур чиглэлээрээ бусад буддын орнуудын зургаас онцлогтой байдаг. Харин миний гол сонирхлыг татаж байгаа судалгааны ажил нь Монголд буддын шашин орж ирээгүй байх үеийн "Монгол Зураг" юм. Яг тэр үеийн Монгол зургийг олж судлана гэдэг тийм амаргүй. Монголчууд нүүдэлчин соёлтой хүмүүс, нүүж суух амьдралын хэв маяг, Монгол гэрт зориулагдаж Монгол зураг нарийн миниатур чиглэлээр хөгжссөн. Харин байнгын нүүдэл суудал болон дайн дажингийн улмаас олон сайхан урлагийн бүтээлүүд үрэгдэж баларсан нь илхэн юм. Гэхдээ зарим нэгэн түүхийн баримт сэлт болон хэсэгчлэн үлдсэн бүтээлүүд нь эрт цагт Монголд захирагдаж байсан улс орнуудын музей, номын сан болон хувийн цуглуулагчдын санд байдаг юм билээ. Исламын урлагийн судлаач дэлхийд нэртэй эрдэмтэн М.С.Ипсироглу (M.S.Ipsiroglu) исламын зургийг судлаж олон талаас нь харсан 10 гаруй ном бичсэн нь олон орны хэл дээр орчуулагдан гарсан байдаг. Түүний 1965 онд бичсэн "Монголчуудын Зураг" (Malerei der Mongolen) номонд, Монгол зургийн талаар маш дэлгэрэнгүй судалгааны ажил зохих түүхийн холбогдолтой зурагтайгаа байдаг. Тэрээр Монголын их гүрэн, Монгол зураггүйгээр исламын урлагийг төсөөлөхөд хэцүү, мөн Монгол зургийн стилиэс исламын урлаг их нөлөө авсан гэж жишээ гаргаж бичсэн байсныг уншиж байхад сэтгэл их хөдөлж, өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлоор бахархаж байсан.

- Миниатур зургийн талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?
- Миниатур гэдэг нь латин хэлнээс гаралтай ойролцоогоор жижиг зураг гэсэн утагтай үг, маш нарийн ажиллагаатай жижиг хэмжээний уран бүтээл ихэвчлэн уран зургийг урлагт миниатур гэж хэлдэг. Европт бол жижиг хөрөг зураг болон номын гар бичмэл, азид номын зураг болон уран бичлэгийн миниатур бүтээлүүд элбэг.
Харин монгол зураг өөрөө миниатур зураг юм. Дэлхийн урлаг судлаачид миниатурын тухай ярихдаа Персийн миниатур зургаар жишээ татдаг. Үнэхээр сайн нарийн ажиллагаатай бүтээлүүд байдаг ч энэ гайхамшигтай бүтээлүүд монгол зурагтай салшгүй холбоотой ба түүний нөлөөгөөр, Монголын их хаадуудын даалгавраар хөгжиж ирснийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Энэ тал дээр эрдэм шинжилгээний ажил хийсэн олон орны эрдэмтэд байдаг. 13-р зуунд монголчууд исламын шашинтай ихэнх улсыг эрхэндээ оруулан захирч байсан. Тэр үед тэдний урлаг, шашин шүтлэгээс нь болоод зураг зурж болохгүй гэсэн бичигдээгүй хуультай, уран зургийн хөгжил нь их ядмаг, хүн ба амьд амьтан дурслэх ойлголтгүй байсан. Монголчууд тэдэнд чөлөөтэй сэтгэх эрхийг нь өгч, шашны үзэлд нь нөлөөлж өөрчилж өгснөөр тэдний уран зурагт шинэ эргэлт ирж хөгжих гараагийн нээсэн. Тэд амьтан, байгаль дурслэх тал дээр ойлголт муутай байсан болохоор яаж дүрслэлтэй харьцахаа мэдэхгүй байсан нь мэдээж. Иймд монгол зургуудыг авчирч сурах материал болгон ашиглаж байсан гэсэн мэдээг урлаг судлаач М. С. Ипсирогли 1980 онд "Исламын урлагийн гайхамшигтай бүтээлүүд" (Meisterwerke islamischer Kunst) номондоо тэмдэглэн бичсэн байдаг.
Уран зургийн хөгжил исламын орнуудад 13-16 зууны үе буюу Монгол их гүрний үед сэргэн мандалтаа олж хамгийн шилдэг сайн миниатур зургууд тэр үеэс л төрсөн байдаг.

- Уран зурагт нь ямар нэгэн дүрслэл байдаггүй байсан гэхлээр чинь, ямар зураг зурдаг байсан гэсэн үг вэ?
- Тэд бичиг үсгээ их шүтдэг, араб бичгийг бурханы хишиг мэтээр ёсчилж, бичгээр бурханд хурч болно гэж үздэг байсан. Уран зургийг уран бичлэг "Calligraphy" болгож хөгжүүлснээс гадна хээ хуар их зурдаг байсан юм билээ.

- Монгол зургийг дэлхий нийтэд таниулах тал дээр ямар арга хэмжээ авбал илүү үр дүнтэй бол?
- Монгол зургийг хөгжүүлэх юмсан, орчин үеийн хандлагад оруулах юмсан гэсэн хүсэл зорилго олон уран бүтээлчдийн дунд байдаг байх. Манайхан зургийг "уран зураг", "монгол зураг" гэж хоёр ангилж ярьдаг. Уран зураг манайд маш сайн хөгжсөн, уран бүтээлчид сүүлийн үеийн бүх чиглэлээр бүтээлээ туурвиж байгаа нь бахархууштай, харин бидний үндэсний урлаг болох монгол зургийн хөгжил тийм ч сайн биш байгаа нь ажиглагддаг.

- Таны бодлоор, яг юуг нь өөрчилбөл болох бол?
- Монгол зураг гэхээр уламжлалт реализм санаанд буудаг энэ ойлголтыг өөрчилмөөр байна. Хэдий болтол нөгөө л нэг бурханы зураг,  баатар, анчин, үлгэр домгийн сэдэвтэй аж байдлын хэлбэрээр байх ёстой юм бэ? Энэ сэдвээр олон зуун жилийн өмнө зурж л байсан шүү дээ. Монгол зургийн техник бол гайхамшигтай, үүнийг ашиглаж чөлөөт сэтгэлгээний орчин үеийн урлагтай хөл нийлүүлсэн зүйл хийх бүрэн боломжтой.

- Таны хүвьд, Монголынхоо урлагийг дэлхий нийтэд таниулах сурталчлах тал дээр юу хийж байгаа вэ?
- Би эндхийн хоёр галерейтэй байнга харилцаатай явдаг, үүний нэг нь "Collection Freudenberg" тэнд би галерейчээр ажиллаж байна. Тэд Хятад болон азийн урлагийг сонирхдог. Сүүлийн үед Монголын урлаг тэдний анхаарлыг их татаж байна. Одоогийн байдлаар Б. Шатарсайхан, Г. Наранцацрал, Ч. Батбилэг, Ч. Алимаа, Ц. Баттулга, Б. Насанцэнгэл зэрэг хорь гаруй монгол зураачийн бүтээлүүд цуглараад зарим нэгээр нь Берлиний төвд байдаг танхимдаа үзэсгэлэн гаргасан байгаа. Бид ирэх дөрөвдүгээр сард Монгол, Хятадын уран бүтээлчидийн хамтарсан томоохон үзэсгэлэнг зохион байгуулна. Энэ үйл ажиллагаа маань дөнгөж эхэлж байгаа болохоор уран бүтээлчид болгоомжтой хандаж байна. Арга ч үгүй юм, өөрийнхөө хүүхэд шиг хайрладаг, маш их хөдөлмөр, сэтгэл оюунаа шингээсэн бүтээлээ таньж мэдэхгүй хүнд даатгаад алс холын Герман руу явуулна гэдэг хэцүү л дээ. Бид хангалттай том үзэсгэлэнгийн байртай ч, эхний ээлжинд Монгол, Хятадаас цугларсан нийт 200 гаруй бүтээлээрээ үзэсгэлэнгээ гаргаад, яваандаа энэ ажил маань олны хүртээл болоод ирэхээр манай сайн сайн уран бүтээлчид бидэнд итгэж, хамтран ажиллах байх гэж найдаж байгаа. Энэ үзэсгэлд оролцох хүсэлтэй уран бүтээлчид байвал холбоо барьж болно.

- Та Монголдоо ирж амьдрах уу?
- Монголд очиж амьдралгүй яах вэ, төрсөн эх орон хамгаас сайхан, бид чинь нүүдэлчин хүмүүс шүү дээ, орчин цагийн нүүдэлчин би, нүүж л явна. Эндээс сурах, авах юм их байна. Одоо бид Монголдоо өөрсдийнхөө урлагийг хөгжүүлэхийн зэрэгцээ урлагаа олон улсад таниулж сурталчилж ойлгуулах хэрэгтэй.
 
- Та "камасутра" зурдаг юм билээ. Энэ урлагийн талаар сонирхуулна уу?
- Энэ чиглэлээр олон хүн уран бүтээл хийдэг байх. Харин би үүнийг монгол зургийн аргаар маш нарийн хийх гэж оролдсон юм. Энэ бүтээлийг харахыг хүсвэл www.mongolian-art.de вэбээр зочлоорой. Эдгээр зургууд маань их жижигхэн хэмжээтэй, ойролцоогоор 1000 орчим хүнийг өөр өөр хөдөлгөөн, байрлалтайгаар дүрсэлснээрээ онцлогтой. Нэг хос буюу хоёр хүнийг насанд хүрсэн хүний чигчий хүрүүны хумсны толион дээр багтахаар жижиг зурсан байгаа. Эхлээд харвал зүгээр хээ хуар юм шиг, тогтоод эсвэл томруулаад харвал нүд хамар, тэр ч бүү хэл нүүрнийх нь төрх байдал нь мэдэгдэнэ. Эр эмийн ажлын тухай энэ сэдэв хаана ч нууцлаг байдаг, тэр утгаараа жижигхэн, нарийн нууцлаг зурсан юм.

- Та бас Монголын нууц товчоо зохиолыг монгол зургийн аргаар бүтээж, зохиолыг нь герман хэл дээр орчуулуулж байгаа гэсэн...?
- Тийм ээ, миний ном 2 боть, нийт 620 гариу хуудастай хэвлэгдэнэ. Одоогийн байдлаар зургийн ажил маань дуусаад байна. "Нууц товчоо"-г дэлхийн олон хэл дээр орчуулсан байдаг юм билээ. Манайхан "Нууц товчоо"-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ.
Монгол зураг бол номын зураг тэр тусмаа Комик зурганд их тохирмжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн их сонирхдог. Залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийнхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно.
"Нууц товчоо"  нь Герман хэлээр дөчөөд оноос хойш хэд хэдэн удаа орчуулагдан гарч байсан юм билээ. Энэ орчуулгууд нь шинжлэх ухаан судалгааны маягтай байснаас уншихад төвөгтэй байдаг. Миний комик ном янз бүрийн насны хүмүүст зориулагдсан, түүнийгээ дагаад баригдмал биш уран зохиолын чөлөөт орчуулага хэрэгтэй. Германы монголч эрдэмтэн Ренате Баувэ (Rеnate Bauwe) 2006 оноос хойш орчуулган дээр ажиллаад, бараг л бэлэн болж байна. Саяхан түүний орчуулсан С. Эрдэнэ гуайн "Анчны гэргий", "Сэрүүн дуганы мөхөл"  богино өгүүллэгийн ном энд хэвлэгдэн гарсан.

- "Монголын нууц товчоо" эртний үг хэллэгтэй, тэгэхлээр герман хэлээр орчуулахад төвөгтэй зүйл маш их байгаа байх...?
- Ренате Баувэ бид байнга холбоо харилцаатай нягт хамтран ажилладаг. Надаас монгол үг асууна, би тэр болгонд нь оновчтой тайлбар өгч чаддаггүй ээ. Бид заримдаа Монгол руу үтасдаж мэдэх хүнээс асуух тохиолдол цөөнгүй. Ойлгоход хэцүү ээдрээтэй хэсгийг нь зургаар орлуулах гэж их хичээж байна. Уран зургийг харах яруу найраг гэж хэн нэгэн хэлсэн байдаг, түүнд орчуулага хэрэггүй. Иймд зураг үзээд уншвал илүү хурдан ойлгож сэтгэлд үлдэнэ. Энэ номыг хэвлэн гаргахад дэмжлэг тусламж хэрэгтэй, тэгээд ч энэ зөвхөн миний ажил биш, монгол түмэнд минь хэрэгтэй зүйл учраас хамтран ажиллах, туслах дэмжих хүмүүс олдоно гэдэгт итгэлтэй явдаг.

- Манайхан гадаад дотоод явахдаа бие биедээ дэмжиж тусалдаг сайхан уламжлалтай хүмүүс, та Германд байгаа Монголчуудтай хэр холбоо харилцаатай байдаг вэ?
- Берлин хотод байдаг манай улсын Элчин Сайдын Яам соёл урлагийг дэмжиж, бидэнд байнга санаа тавьж байдаг. Урьд нь элчин сайдаар ажиллаж байсан Т. Галбаатар гуай энэ салбарт олон зүйл хийсэн хүний нэг. Тэр хүнээр бахархаж, талархаж явдгаа танай сэтгүүлээр дамжуулан хэлэхэд сайхан байна.
Таньд баярлалаа. Уран бүтээл, ажил үйлсэд тань өндөр амжилт xүсье!



--------------------------------------------------------------
Өнөөдөр
2009 он
MN: Ц. Баттуяа (Өнөөдөр сонины сэтгүүлч)

Э. Отгонбаяр: 
Мацах л хэрэгтэй, ухрах зам надад байхгүй


Энд тэндхийн вэб хуудас сөхөж явсаар нэгэн сайтад удаан саатлаа. www.mongolian-art.de хэмээх энэхүү сайт бол зураач Эршүүгийн Отгонбаярын интернэт дэх урлан байсан юм. Тэрбээр сүүлийн дөрвөн жил Берлинд амьдарч, Германы Урлагийн их сургуульд сурахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж буй. 1998 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн монгол зургийн ангийг төгсөж, бурхны зургийг зургаан жил гаруй судалжээ. Зургуудыг нь харахад өөрийн гэсэн өвөрмөтц ертөнтц, арга барил, өнгө аяс анзаарагдсан. Түүнтэй цахим шуудангаар холбогдож, уран бүтээл, Берлин дэх амьдралых нь тухай ярилцлаа.

MN: Тухайн уран бүтээлчийн урланд зочилж, бүтээлээ туурвидаг орчинд нь уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг уламжлалтай. Та Берлинд байгаа учраас урланд тань зочлох боломжгүй юм. Тиймээс урлангаа нүдэнд харагдтал дүрслээч.
- Наран талдаа цонхтой, өндөр таазтай хуучны байр. Нэг том ширээ, олон ном, зурагт, аквариум, усан будаг, бийрний цуглуулга, харандаа, түүш гэх мэт эд хогшилтой. Би тосон будгаар их зурдагүй болохоор цэвэрхэн суудаг.
Энд хуучны иймэрхүү байшин олон. Тааз нь өндөр болохоор агаар сайтай сайхан байдаг юм. Таазны өндөр нь 4-8 метер. Берлинд л гэхэд 5000 орчим зураачид ажиллаж уран бүтээлээ туурвидаг гэсэн мэдээлэл байдаг юм билээ. Олон улсын уран бүтээлчид олноороо Берлинийг зорьдгийн шалтгаан нь газар зүйн сайхан байрлалаас гадна урлангийн байр элбэг болон бусад хотуудтай харьцуулахад хямд байдагт оршино.

MN: Та ямар зорилгоор Берлинийг зорьсон бэ?
- Сурах гэж. Дараа жил магистраа хамгаална. Миний сурч байгаа ангийг "Kunst im Kontext" гэх буюу үгчилбэл урлаг амьдралд гэсэн үг.

MN: Бурханы зургийг зургаан жил гаруй судалсны эцэст зурж эхэлсэн гэдэг. Яг тиг жаягийнх нь дагуу зурдаг уу?
- Монгол зураг судалж, зурахын тулд бурхны зургийг судлахгүй бол болохгүй гэж би боддог. Олон төрлийн тиг жаягтайгаас гадна зурах арга барилын хувьд мөн олон төрлийн техник шингээсэн байдаг. Тиг жаягийг нь баримтлахаасаа илүүтэй урлагийн бүтээл гэдгээр нь харах дуртай. Бурхадын зургийг би зохиож зураагүй, түүнээс суралцсан. Олон бурхан зураад ирэхээр өөрөө бурхан бүтээх юмсан гэж бодогдсон шүү. Буддын шашинд 10 мянгаас илүү бурхны дүрслэл байдаг гэж уншсан. Амьтай юм болгонд бурхан байдаг юм уу даа. Тэгээд бурхан бүтээхээр эрэлд гарсан юм. Ямар бурхан бүтээх вэ гэж их удаан бодсон. Бүтээх бурхнаа олсныхоо дараа "Яагаад ингэж удаан бодсон юм бол оо" гэж өөрөөсөө ичсэн шүү. Тэр бурхан маань миний аав, ээж хоёр байсан. Би тэднийгээ бурханы дүрээр мөнхлөхийг хүссэн юм.

MN: Мөнхөлж чадсан уу?
- Зурсан

MN: Та зурагтаа аливаа юмыг ихэвчлэн олон тоогоор дүрсэлсэн байна. Энэ нь ямар нэгэн утга учир агуулдаг уу?
- Амьдрал баялаг шүү дээ. Би олон төрлийн зүйлийг нэг дор хөдөлгөөнд оруулж тоглох дуртай.

MN: Тоглох оо? Таныхаар зураг зурах нь тоглоом тоглохтой адил гэж үү?
- Би хийх ёстой гэж бодож зурдаггүй. Зураад сууж байх нь надад таатай сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь надад ямар нэгэн ээдрээтэй тоглоом шиг санагддаг. Тиймээс ч тоглох гэдэг үг таарах юм шиг.

MN: Нэг зурагт олон үйл явдлыг багтааж, түүнийгээ нэг бүрчлэн задалж харуулсан байна лээ. Ямар зурагт тань хамгийн олон зүйл багтсан бэ?
- Зарим зураг маань маш нарийн, жижигхэн. Хүмүүс анх хараад ямар нэгэн бодит зүйл байгаа эсэхийг нь анзаардаггүй. Би түүнийг зурахад их цаг зарцуулсан. Тэр утгаараа хүмүүс ч бас удан харж байж учрыг нь олдог юм шиг санагдсан. "Хүмүүс" хэмээх А4 (21 x 30 см) хэмжээтэй нэг зурагтаа 1200 хүн дүрсэлсэн. Би зарим зургаа вэб хуудсандаа хэсэгчлэн томруулж харуулсан маань хүмүүс түүнийг нарийвчилж харасай гэж хүссэнийх. Монгол зураг нарийн ажиллагаатайгаараа миниатур хандлагатай байдагт гайхах юмгүй. Бид нүүдэлчин соёлтой улс. Зургийг том хэмжээгээр зурах нь авч явахад хэцүү байсан биз. Эндхийн Мюнхен хотод нэгэн баян цуглуулагч музей байгуулж байгаа юм билээ. Би элчин сайдын зөвлөгөөгөөр тэр бүтээлүүдийг очиж үзсэн юм. Монголын бурхны шашны хэдэн мянган бүтээл байсан. 10 x 15 см хэмжээтэй зураг л гэхэд 2000 гаруй байна лээ. Заримыг нь хараад "Хүний гараар яаж ийм зүйл бүтээдэг байна аа" гэж бодсон шүү.

MN: Таны зургийн баатрууд дандаа эхээс төрснөөрөө, өөрөөр хэлбэл нүцгэн байх юм.
- Хүн гэдгээсээ илүү байгаль гэдэг утгаар нь харуулахыг хичээсэн юм. "Диваажин" нэртэй цувралын зарим зургийг эхлээд харахад зүгээр л цэцэгс, хараад л байвал хүмүүс, бүр лавлаж харвал хүн, амьтны хөдөлгөөн, дүрс харагдах жишээтэй. Бид байгаль эхий хүүхдүүд. Өөрөөр хэлбэл, байгалийн бүтээгдэхүүн, амьд цэцэгс юм шүү дээ.

MN: "Диваажин" хэмээх цуврал их сонирхол татлаа. Ямар түүхтэй, хэрхэн бүтсэн, ямар онцлогтой бүтээл вэ? Энэ зургийг зурахдаа та юу бодож байв?
- Чи өнгөтэй зүүдэлдэг үү?

MN: Сайн санахгүй байна.
- Би бүр багаасаа л өнгөтэй зүүдэлдэг байсан. Дотроо тольтой, өнгө өнгийн хагархай шилтэй, дуранг нь эргүүлэхээр өнгө бүрийн дүрс харагддаг бөөрөнхий дуран тоглоом байдаг байсан даа. Яг тиймэрхүү алагласан өнгөөр зүүдэлдэг. Тэр зүүдэнд алагласан цэцэрлэгт хүрээлэн, өнгө өнгийн нүцгэн хүмүүс нисэлдэж, бүжиглээд л, хөөцөлдөж тоглоод л байдаг байлаа. Багадаа түүнийг зурах юмсан гэж ерөөсөө бодож байсангүй. 1998 онд монгол зургийн ангиа төгсөөд, дараа нь бурхны зураг сонирхож, судалж эхэлсэн. Тэр үед ч бас зүүдлээд л байсан. Түүнийгээ зурах гэхээр болохгүй, эсвэл чаддагүй байлаа. Нүдэнд харагдаад сэтгэлд бодогдоод байдаг хирнээ дүрсэлж болдоггүй, хэлж чаддаггүй нэг тийм зүйл заримдаа хүнд тохиолддог шүү дээ. Нэг удаа оролдоод амжилттай болсноос хойш зүүдээрээ олон зураг зурсан.

MN: Одоо ч өнгөтэй зүүдэлдэг үү?
- Хааяа

MN: Тэр дор нь цаасан дээр буулгадаг уу?
- Буулгах гэж хичээдэг.

MN: Зүүдэнд тань түүнээс илүү гоё хараггдаг байх нь ээ.
- Тийм ээ. Тэр зургууд бол зүүдээ олон талаас нь харах гэсэн оролдлогууд. Тэр зургуудаараа кино хийх бодолтой байгаа. Гэхдээ удаан хугацааны дараа байх. Би анх тэр зургуудаа "Диваажин" гэж нэрлэхийг хүсээгүй юм. Хүмүүс л "Чиний диваажингийн зургууд чинь..." гээд байхаар нь тийм нэр өгчихсөн.

MN: Ямар зураг байсан бол та анхалж "Диваажин" гэж нэрлэх?
- Зурж байх агшинд би диваажинд байгаа юм шиг санагдах тэр үед л...

MN: Аливаа зүйл хоёр талтай байдаг. Тодруулбал диваажингийн нөгөө талд там бий. "Там" нэртэй цуврал бүтээл байгаа болов уу гэж хайсан юм. Вэб хуудаснаас тань лав олсонгүй.
- Бид өөрсдөө л диваажин болоод тамыг бүтээдэг шүү дээ.

         Хүн болж төрсний учир чи
         Хүн болгоныг хүндэлж яв.
         Хүнээс хүчтэн энэ хорвоод үгүй тул
         Хүнээс айж болгоомжилж яв.
         Буруу биш зөв сэтгэлтэй бол
         Бурхан биш хүн чамайг аварна.
         Булзаж харин хорон санаа өвөрлөвөл
         Буг биш хүн чамайг хорлоно...

Энэ их сайхан шүлэг байгаа биз. Би их дуртай. Би тамын тухай зурсан. Гэхдээ "Там" гэж нэрлээгүй.

MN: Морь, чоно хоёр монгол хүнд ойр байдаг л даа. Харин аалз, могой хоёрт дуртай монгол хүн бараг үгүй. Өчнөөн олон амьтан байхад яагаад энэ хоёрыг сонгож уран бүтээлдээ мөнхлөх болов?
- Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэдэг дээ. Миний зургуудыг эхлээд харахад их гоё, бурамтай чихэр шиг, эсвэл алагласан цэцэгс шиг харагдаж байгаа. Нарийн харвал тэнд дүрсэлсэн зүйлс бүгдээрээ тийм ч сайхан зүйл биш ээ.

MN: Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэж үү?
- Тийм юм уу даа.

MN: Яагаад таныхаар амьдрал тийм байдаг гэж үү, эсвэл хүмүүс үү?
- Магадгүй. Гэхдээ аалз могой хоёр бол зүгээр л символ дүрслэл. Цэцэг хараад таатай сэтгэл төрдөг бол аалз хараад огт өөр мэдрэмж төрнө шүү дээ.

MN: Дийлэнх бүтээл тань эротик аястай юм.
- Намайг нүцгэн хүн зурж эхлэхэд зарим хүн секс зурлаа гээд тийм таатай хүлээж аваагүй. Секс бол бурхны бидэнд өгсөн бэлэг. Диваажин гэхээр сайхан зүйл санаанд ордог шүү дээ. Тэрийг л би эротик дүрслэлээр илэрхийлсэн юм.

MN: Германд амьдарч уран бүтээлээ туурвих нь, Монголд амьдарч бүтээлээ туурвихаас хир ялгаатай байна.
- Том хот, олон хүн, илүү боломж... Эндхийн хүмүүс урлагийг их хүндэлж, үзэж сонирхох тал дээр гайхмаар шүү. Олон улсын чанартай үзэсгэлэн гарлаа гэхэд түүнийг үзнэ гэдэг тим амар биш. 1700-гаад оны үед амьдарч байсан Испанийн зураач Гоягийн үзэсгэлэнг үзэх гэж би дөрвөн цаг оочирлосон. Зарим хүн ном, шатраа сандалтайгаа аваад ирчихсэн байдаг гээд бод доо.

MN: Нэлээд хэдэн оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан юм билээ. Гадныхаас юуг нь хамгийн сайн сурав. Бас тэдэнд юугаараа гайхуулж явна.
- Гайхуулахаар ч юм ховор доо. Хүмүүс "Би Монголоороо гоёдог" гэж ярьдаг. харин энд монгол хүн гэхээр их сонин санагддаг юм шиг байна лээ. Монголоос ирсэн зураач гэхээр Монголын түүхийн талаар их асуудаг. Ихэнх нь энэ тал дээр буруу ойлголттой явдаг юм билээ. "Монголын нууц товчоо" зурагт ном маань энэ ойлголтыг бага ч гэсэн өөрчлөөсэй гэж хүсдэг. Тэд монголчуудыг зэрлэг, бүдүүлэг дайчид байсан, бүх зүйлийг нурааж сүйтгээд л, бүхнийг хүч чадлаараа шийддэг хүмүүс мэтээр ойлгодог. Бас өөрийн гэсэн соёлгүй улс мэтээр ярих нь ч бий. Монголын ёс заншил, соёл, угсаатны зүйг номоороо түлхүү харуулахыг хичээсэн. Харин сурсан юм их шүү. Хүн байгаа орчноосоо өөрөө ч мэдэлгүй юм сурч байдаг юм болов уу.

MN: "Монголын нууц товчоо - Монгол зургийн аргаар" гэсэн сэдвээр магистраа хамгаалах гэж байгаа гэсэн. Тодруулаач.
- Би "Монголын нууц товчоо"-г анх 12 настайдаа уншсан. Баахан хүний нэрс, эртний үг хэллэг... унших хүсэл их байсан ч ойлгоход хэцүү байлаа. Тэр үед би энэ номыг ямар нэг хүн сайхан задлаад хямбар, ойлгомжтой хүн болгочихдоггүй юм байх даа гэж боддог байсан. "Монгол зураг" -ийн ангиа төгсөөд бүрэн эхээр нь монгол зургийн аргаар хийх юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөж, судалгааны ажилдаа орсон. 2003 оноос зурж эхэлсэн. Бид агуу түүхтэй улс. Түүнийгээ судалж мэддэг байх хэрэгтэй. Би энэ номоороо уншсан ч ойлгоогүй гэдэг асуудлыг жаахан ч гэсэн шийдэж өгөхийг хүссэн юм. Хоёр боть болгож хэвлүүлнэ. Эхнийх нь 255, хоёр дахь нь 365 орчим хуудастай. Зураг нь бэлэн болсон. "Монголын нууц товчоо"-г анх 1941 онд герман хэлээр орчуулж хэвлүүлснээс хойш таван удаа шинэчлэгдсэн юм билээ. Би номоо эхэлж Герман хэл дээр гаргана. Ц. Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлрүү хөрвүүлсэн "Монголын нууц товчоо"-ны нийт текстийн 75-80 хувийг оруулж байгаа. Герман хэлний орчуулгыг нэрт монголч эрдэмтэн доктор Ренате Баувэ хийж байгаа. Энэ хүн монгол хэлийг 30 гаруй жил судалж, зааж байгаа. Дараа нь монгол хэлээр хэвлүүлнэ. 2012 он гэхэд герман, монгол хоёр хувилбарыг хэвлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.




--------------------------------------------------------------
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН
Дугаар 177/672 2001 оны есдүгээр сарын 12. ЛХАГВА гариг
Ш. Анхтуяа (Монголын Мэдээ сонины сурвалжлагч, сэтгүүлч)
 
Э.Отгонбаяр:
Би аав ээжийгээ бурхны дүрээр бүтээсэн
 
Зураач Э.Отгонбаяр. Тэрбээр 1998 онд Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн. Бие даасан уран бүтээлч. Түүнийг Германы элчин сайдын яаманд "Монгол гар урлал" үзэсгэлэнд оролцож байхад нь уулзаж цөөн хором хөөрөлдлөө.

- Хэдэн наснаасаа эхлэн зураг зурсан бэ? Анхны бүтээл тань юу байв?
- 15 наснаасаа эхлэн эрчимтээ зурсан. Анхны бүтээл маань 108 морь байлаа.

- Монгол зураг, тэр тусмаа бурхны зураг хамгийн нарийн ажиллагаа шаарддаг. Үүнийг сонгон зурах болсон учир юу байв?
- Монгол зургийн төгс нь гэвэл бурхны зураг. Бусдаас арай хүнд, бүх хэлбэр нь сонгодог дэг жаягтай. Иймээс л өөрийгөө сорих үүднээс үүнийг сонгосон юм. Хүмүүсийн мэддэг цөөхөн бурхан байдаг. Гэтэл миний зурсан бурхад дунд хүмүүсийн мэддэггүй тэр ч бүү хэл лам нар ч заримыг нь мэдэхгүй сонин сонин бурхад байгаа. Дээр үед зүүн гарынхаа эрхий хурууны хумсны толион дээр бурхны зураг зурж чадсан хүн бурхан зурах эрхийг олж авдаг байсан гэж ярьдаг. Би өөрийгөө тэгж сорьж үзэж байлаа. Тэгээд амжилттай болохоор нь зурж эхэлсэн дээ.

- Өөрийг тань 300 бурхан зурсан гэж сонссон юм байна?
- Нийт 312 бурхан зурсан. Миний мэдэх Монголд байгаа бүх бурхан энд бий. Амьд бурхан болсон Далай лам, анхдугаар богд зэрэг хувилгаан чанарт төрсөн түүхэн хүмүүс шавь нартайгаа байгаа. Хүн бүрд амьд бурхан байдаг. Миний амьд бурхан бол аав, ээж миниь. Би тэднийгээ бурхны дүрээр зурсан. Эдгээрийг сургуулиа төгсөөд 2 жил зургаан сар зурсан даа. Зууг нь монгол зургийн зураачид бараг зурдаггүй нагтан зургийн хэлбэрээр хийсэн.

- Бурхныхаа тэгийг хэрхэн олж гаргадаг вэ?
- Хуучин бурхных нь зурагнаас гаргасан. Ихэвчлэн тэг хийлгүй шууд зурсан. Ноорог байхгүй, баллана гэсэн ойлголтгүй шууд бийрээр зурдаг байсан. Тэгээд ч би энэ бурхдыг бийрийн татлага талаас нь хийсэн. Доор нь нэрсий нь лам хүнээр төвдөөр бичүүлсэн байгаа.

- Монголд байгаа бүх бурхдыг зурчихсан болохоор цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна даа?
- Цэвэр өөрийн сэтгэхүйгээр уран бүтээл туурвина даа. Бурхан бол өөрийгөө сорьсон бүтээл байсан. Тэгээд ч монгол зургаас суралцая гэвэл бурхны тэг зургийг судлах хэрэгтэй. Уран зургийн төгс нь Жоканда гэвэл монгол зургийн төгс нь Цагаан дарь эх юм.

- Бурхдыг зурахад хамгийн хэцүү нь ямар бурхан байсан бэ?
- Догшин сахиуснууд хамгийн хэцүү байсан. Хэцүү тусмаа сонирхол татаж байсан.

- Уран бүтээлчдэд өөрийн гэсэн онцлог байдаг. Тэгэхээр өөрөө ямархуу орчинд уран бүтээлээ туурвидаг бол?
- Бурхан зурахад гадны орчноосоо салж тайван байдалд ордог. Би ямар ч чимээ шуугиантай үед урлалдаа шингэн орчноосоо тасарч чаддаг. Өглөөнөөс орой болтол жаахан ус уугаад суудлаасаа босохгүйгээр зургаа зурах ч үе бий. Тэгээд ч бурхны зургийг бясалгал байдлаар гараараа биш оюунаараа зурдаг.

- Тэгэхээр өөрийнхөө багшийн тухай яриач.
- Анх 15 настай байхдаа "Солонго өргөө" -ний Уран зургийн дугуйланд С.Чулуунцэцэг багшийн урланд очсоноор зургийн ертөнцийн нүдийг нээсэн дээ. Багш маань зураг гэдэг зүйлийг надад ойлгуулж өгч надаас өмнө намайг нээсэн хүн л гэж хэлэх байна.

- Өөрийг тань зургаас салгаж ойлговол...?
- Мэдэхгүй, төсөөлөх аргагүй байх. Би зургаа хүчээр зурдаггүй, өөрийн эрхгүй л зурдаг. Зураг бол миний амьдралын гэрэл гэгээ гэж хэлж болно. Гэхдээ би ирээдүйд бизнесмен болохыг хүсдэг.

- Тэгвэл Отгонбаяр гэж хэн бэ? Өөрийгөө тодорхойлооч гэвэл...
- Нууцхан сэтгэлийн хөдлөл гэж хэлх байна. (2001он)



--------------------------------------------------------------

otgo for presse
photo for Press (by Heinz Schuster)

otgo-art_facebook
ОТГО
Берлин  2015

Mongol ulsiin hamgiin anhnii yurunhiilugch Punsalmaagiin Ochirbat, Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, The first President of Mongolia Ochitbat Punsalmaa, Der erste Staatspräsident der Mongolei Punsalmaagiin Ochirbat
Монгол улсын анхны ерөнхийлөгч
Пунсалмаагийн Очирбат
Берлин  2007

Aav eej bi
Аав ээж
Улаанбаатар хот  2010 он

Jochim Gauck, Präsident der Bundesrepublik Deutschland, und OTGO art, Schloss Bellevue Berlin, 29.03.2012
ХБНГУ-н ерөнхийлөгч
Joachim Gauck

Берлин 2012

Tsakhia Elbegdorj, Präsident der Mongolei, und OTGO art, Schloss Bellevue Berlin, 29.03.2012
Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиаг
ийн Элбэгдорж
Берлин 2012

Daniela Schadt, Lebensgefährtin des deutschen Bundespräsidenten Joachim Gauck, und OTGO art, Schloss Bellevue Berlin, 29.03.2012
Тэргүүн хатагтай (
ХБНГУ-н ерөнхийлөгч)
Daniela Schadt
Берлин 2012

Norbert Lammert, the President of the Bundestag, the German parliament, Galbaatar Tuvdendorj, Ambassador of Mongolia, Federal Republic of Germany 2006 Berlin
ХБНГУ-н парламентын ерөнхийлөгч
Ламмерт Норберт
ХБНГУ-д суугаа Элчин сайд
Түвдэндоржийн Галбаатар

Берлин 2006

Junaigiin Chimeg, Tuvdendorjiin Galbaatar, elchin said
Жунайгийн Чимэг,
Түвдэндоржийн Галбаатар

ХБНГУ-
д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
Берлин 2006

Eduard Oswald, Vice President of the German Bundestag
 
ХБНГУ-н парламентын дэд ерөнхийлөгч
Э.Освальд
(Eduard Oswald
)
 
Берлин 2012

Peter Zimmermann, Oyunchimeg Badarch und Batbileg Chuluunbaatar
 
Петер Циммэрман
Бадарчийн Оюунчимэг
Чулуунбаатарын Ба
тбилэг
Петер Циммэрман галерейд
(Gallery Peter Zimmermann)
Маннхайм хот 2014

Luvsanvandan Bold und Otgo, Galerie ZURAG Berlin 2012
Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны Сайд
Лувсанвандангын Болд

Берлин 2012

Mongol ulsiin ih hurliin geshuun S. Oyunii hamt 2010
Монгол Улсын Их Хурл
ын гишүүн
Санжаасүрэнгийн Оюун

Улаанбаатар 2010


Cornelia Pieper, in beim Bundesminister des Auswärtigen, Berlin 2013 ХБНГУ-н Гадаад хэргийн төрийн сайд хатагтай
 
ХБНГУ-н Гадаад хэргийн төрийн сайд хатагтай
К.Пийпер
(Cornelia Pieper)
Берлин 20
13

Chuka bagsh
Зургийн багш
С.Чулуунцэцэг
 Улаанбаатар 2012

Jargalsaikhan Demberel
Монгол улсын Ардын жүжигчин
Дэмбэрэлийн Жаргалсайхан

Улаанбаатар 2004

Lkhagvasuren Bavuu
Монгол улсын Ардын уран зохиолч
Бавуугийн Лхагвасүрэн

Берлин 2011

Dr.Rolf Lauter Berlin
Куратор, урлаг судлаач
Др. Рольф Лаутер (Dr. Rolf Lauter)
Берлин 2014

Chu Boldbaatar
Доктор, дэд профессор, Зураач, урлаг судлаач
Чүлтэмийн Болдбаатар
Монгол 2014

Bat-Erdene, Ganchimeg, Lauter
 Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны Сайд

Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ

Г.Ганчимэг
Dr. Rolf Lauter
Берлин 2014

President of Mongolia, Elbegdorj Tsakhia
Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиаг
ийн Элбэгдорж
Берлин 2010

Urna Chahar-Tugchi und Renate Bauwe 
Уран бүтээлч, дуучин
Урнаа Чахар-Түгчи
Монголч эрдэмтэн, уран зохиолын орчуулагч 
Ренате Баувэ
Берлин 2012


Prof. Bernhard Wulff, Cultural Ambassador of Mongolia, 2006 Berlin
Prof. Bernhard Wulff
Монголын Соёлын элчин сайд
Берлин 2006

Gombojav Zandanshatar, der Minister für auswärtige Angelegenheiten und Handel der Mongolei und OTGO art, Schloss Bellevue Berlin, 29.03.2012
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд
Гомбожавын Занданшатар

Берлин 2012

Bolormaa Luvsandorj
Лувсандоржийн Болормаа
Улаанбаатар 2014

Undrakh and Gurbazar
Ундрах

Яруу найрагч
Шагдарсүрэнгийн Гүрбазар
Улаанбаатар 2014

Puntsag Tsagaan und OTGO art, Schloss Bellevue Berlin, 29.03.2012
Пунцагийн Цагаан
Берлин 2012

agi art
Дэмбэрэлийн Алтансүх
 Уран бүтээлч, Булган 2002

Erich Rauschenbach
Erich Rauschenbach
Уран бүтээлч, Берлин 2011

Martina Busch, Torsten Gebhardt und Otgonbayar Ershuu
Martina Busch
Урлаг судлаач
Torsten Gebhardt
Уран бүтээлч, Берлин 2011


E.Otgonbayar & G.Badamsambuu
Гэндэнжамцийн Бадамсамбуу
Сэтгүүлч, Берлин 2011

Turburam
Сандагдоржийн Төрбурам
Уран бүтээлч, Улаанбаатар 2001

choijilsuren
Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд
Jiří Nekvasil
, Ядууралтай Тэмцэх Монголын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч
Б.Чойжилсүрэн
Улаанбаатар 2004

Odrech Sommer & Oyuntsetseg
Чех улсаас Монгол улсад суугаа консул
Oldřich Sommer
Ядууралтай Тэмцэх Монголын Нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч
Б.Оюунцэцэг
Улаанбаатар 2004

Eberhard Teufel
Eberhard Teufel
Берлин 2013

Tsatsaa, Tsogtbayar, Zaya
Уран бүтээлчид
Сэрээтэрийн Цацралт
Самандарын Цогтбаяр
Самвуугийн Заяасайхан
Улаанбаатар 2014

Otgonbayar Ershuu & Tobias Wulff
Tobias Wulff  Кино найруулагч, Берлин 2011




ХҮН үзэсгэлэн - ЗУРАГ Галерей Берлин 2012


'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

Монголын Урлаг